Жүжигчин, инээдмийн од Жим Керри гэрлэжээ. 64 настай одын сонгосон бүсгүй нь түүнээс 32 насаар дүү зураач Мин А юм. Энэ талаар People мэдээлэв.
Жим Керригийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг гэрлэснийг баталжээ. Энэ нь “The Mask”, “Dumb and Dumber” киноны одын гурав дахь гэрлэлт юм. Тэрээр 1987-1995 онд Мелисса Уомертой, 1996-1997 онд жүжигчин Лорен Холлитой гэрлэж байв. Уомертой байгуулсан гэрлэлтээс Жейн нэртэй охинтой.
Керри, Мин А нар долоон сарын өмнө “Сезар” кино наадмын шагнал гардуулах ёслолын үеэр анх удаа олны өмнө хамт гарч иржээ. Кино урлагт оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал хүртсэний дараах үгэндээ жүжигчин Мин Аг “тэнгэрлэг хань” хэмээн нэрлэж, түүнд хайртайгаа илэрхийлсэн байна.
Гэхдээ Керри “Сезар”-ын ёслолд оролцсон нь цахим орчинд маргаан дагуулжээ. Шүтэн бишрэгчдийн зарим нь түүний гадаад төрхийг танигдахын аргагүй өөр болсон гэж үзэж, ёслолд жүжигчний оронд түүнтэй адилхан хүн оролцсон гэх цуурхал тараасан байна.
