ЕХ Alibaba-г 550 сая еврогоор торгожээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Alibaba

AliExpress дээр аюултай бараа зарагдсан гэж үзэв

Европын комисс Alibaba компанид харьяалагддаг AliExpress платформыг 550 сая еврогоор торгосон талаар Politico эх сурвалжууддаа тулгуурлан мэдээлжээ. Торгуулийн шалтгаан нь хууль бус болон хэрэглэгчдэд аюултай бараа борлуулсан, мөн ийм бүтээгдэхүүний тархалтыг хангалттай хязгаарлаагүйтэй холбоотой байна.

Мэдээлэлд дурдсанаар, платформ дээр удаан хугацаанд хуурамч бүтээгдэхүүн, аюулгүй байдлын шаардлага хангаагүй тоглоом, эрсдэлтэй гоо сайхны бараа зэрэг бүтээгдэхүүн байршуулсан хэвээр байсан аж. Зарим бараа стандарт хангахгүй нь мэдэгдсэний дараа ч хэрэглэгчдэд санал болгогдож, сурталчлагдсан гэж эх сурвалжууд онцолжээ.

Дижитал үйлчилгээний хуулийн хамгийн том торгууль

Энэ нь Европын холбооны Дижитал үйлчилгээний тухай хуулийн хүрээнд ногдуулсан хамгийн том торгууль болж байна. Уг хууль нь томоохон онлайн платформуудад хууль бус контент, бараа бүтээгдэхүүний тархалтаас үүдэх эрсдэлийг бууруулах үүрэг хүлээлгэдэг.

AliExpress энэ хүрээнд платформ дээрээ худалдаалагдаж буй бүтээгдэхүүний аюулгүй байдал, хууль ёсны байдлыг илүү хатуу хянах шаардлагатай гэж Европын тал үзэж байна.

Одоогоор Alibaba болон AliExpress-ийн зүгээс 550 сая еврогийн торгуулийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй