Хятадын Фужиань мужид амьдардаг нэгэн эмэгтэй эмээгийнх нь хиймэл шүд гэртээ алга болсон хөгжилтэй явдлыг цахим орчинд хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татжээ. Гэр бүлийнхэн нь шүдийг хайсаар байтал санаанд оромгүй “сэжигтэн” тодорсон байна.
Тэд эмээгийн хиймэл шүдийг бүтэн өдөржин хайсан бөгөөд энэ эрэлд гэрийн тэжээвэр ноход нь хүртэл оролцжээ. Гэвч удалгүй Самоед үүлдрийн 007 нэртэй нохой хиймэл шүдийг өөрийнх мэт зүүж, инээмсэглэн зогсож байгааг гэр бүлийнхэн анзаарсан байна.
Энэхүү хөгжилтэй агшин бичлэг болон цахим орчинд нийтлэгдсэн даруйдаа өндөр хандалт авч, богино хугацаанд сая сая хүнд хүрчээ. Улмаар 007 нохой зөвхөн Хятадад төдийгүй олон улсад танигдаж, мем болон хөгжилтэй контентын гол дүр болсон байна.
Гэр бүлийн тэжээвэр ноход:
- 007 нэртэй Самоед;
- 17 нэртэй Бордер колли;
- 3D нэртэй Далматин.

Өдгөө 007 нохой 17 болон 3D ноходтой хамт өөрсдийн цахим хуудсаар дамжуулан бичлэг нийтлэх болжээ. Тэдний хуудас олон дагагчтай болж, гэрийн тэжээвэр амьтдын контентын салбарт анхаарал татсан нөлөөлөгчдийн нэг болсон байна.
007 нохой одоо гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээл, амны хөндийн арчилгааны брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Нэг бичлэг нь дунджаар 20,000–50,000 юанийн үнэ хүрдэг бөгөөд шууд дамжуулалтаар бараа сурталчилж орлого олдог болжээ.
Ийнхүү эмээгийн хиймэл шүдийг “хулгайлсан” хөгжилтэй явдал нэгэн нохойг цахим ертөнцийн од болгосон байна. Энгийн нэг гэр бүлийн бичлэг олон сая хүнд инээд бэлэглээд зогсохгүй 007, 17, 3D гурвыг нөлөөлөгчдийн ертөнцөд гаргажээ.