Table of Contents
Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар боловсролын салбарын шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн хамран сургах орчныг сайжруулах чиглэлээр чухал шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн 3000-аас дээш суралцагчтай, ачаалал өндөртэй сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлт хийх хүрээнд энэ хичээлийн жилд 26,992 суралцагчийг хотхоны бага сургуульд, 8,100 суралцагчийг төрөлжсөн ахлах сургуульд тус тус хамруулахаар болсон байна.
Хотхоны бага сургууль ба төрөлжсөн ахлах сургуулийн бүтээмж
Нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, хүүхдэд гэрт нь ойрхон чанартай боловсрол олгох зорилгоор сургалтын орчныг дараах байдлаар бүрдүүлж байна.
- Хотхоны бага сургууль (Нийт 26,992 суралцагч):
- Цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулснаар 2,240 суралцагч;
- Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн сургуулиудын сул суудлыг ашиглаж 2,810 суралцагч;
- Сургалтын зориулалттай байр түрээслэн 21,942 суралцагчийг хичээллүүлнэ.
- Төрөлжсөн ахлах сургууль (Нийт 8,100 суралцагч, 15-20 сургууль):
- Улаанбаатар хотод олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуульд 2,378 суралцагч;
- Их сургуулиудын дэргэдэх төрөлжсөн ахлах сургуульд 1,862 суралцагч;
- Дүүрэг бүрд байгуулах төрөлжсөн ахлах сургуульд 3,200 суралцагч.
Боловсролын салбарын шинэчлэл ба хичээлийн шинэ жил
Бага боловсролын нэгдүгээр ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан шинээр үйл ажиллагаагаа эхлүүлэх сургуулиудад шаардлагатай тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдавга нарт даалгалаа. Энэхүү цогц бодлого нь 2026-2028 онд үргэлжлэх юм.
Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдах бүсчлэл дэх нийслэлийн ЕБС-иудын хичээл, сургалтыг тодорхой хугацаанд хэсэгчилсэн байдлаар цахим хэлбэрт шилжүүлэх зохицуулалт хийхээр болов. Харин их, дээд сургуулиудын 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг 2026 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлэх чиглэлийг ректор, захирал нарт хүргүүлжээ.
Сурагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна
2026-2027 оны хичээлийн жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс үндэсний хэмжээнд хоёр үе шаттай зохион байгуулна. Уг үзлэгт сургуулийн өмнөх боловсролын 53,598 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч хамрагдах юм.