Алдарт “Spice Girls” хамтлагийн гишүүн, өдгөө 52 настай дуучин Мелани Чисхолм (Мел Си) загвар өмсөгч Крис Дингоуллтай гэрлэжээ. Тэрээр хуримын ёслолдоо хамтлагийнхаа гишүүн асан, дизайнер Виктория Бекхэмийн урласан даашинзыг сонгон өссөн байна.
Хосууд Их Британийн Камбриа дахь нуурын эрэг дээрх эзэмшил газарт хоёр дахь хуримын баяраа тэмдэглэсэн бөгөөд үүнээс өмнө Дингоуллын эх орон болох Австралид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ.
“Зээлсэн зүйл”: Викториягийн хувийн шүүгээнээс авсан даашинз
Мел Си уламжлалт сүр жавхлантай хурим хийхийг хүсээгүй ч хуримын зарим зан үйл, уламжлалыг баримталжээ. Тухайлбал, Сиднейд болсон албан ёсны ёслолын үеэр баримталсан “зээлсэн зүйл” (something borrowed) нь Виктория Бекхэмийн хувийн цуглуулгын даашинз байв.

Виктория энэ талаар дурсахдаа:
“Би Меланитай оройн хоол идэж байхдаа юу хийж байгааг нь асуутал, тэр маш тайвнаар ‘Хоёр хоногийн дараа гэрлэхээр Австрали руу нисэх гэж байна’ гэж хэлсэн. Ямар хувцас өмсөхийг нь асуухад миний загварын нэг даашинзыг захиалсан ч хэмжээ нь яг тараагүй, нисэхээс өмнөх богино хугацаанд янзлуулах зав гарахгүй байгааг хэлсэн. Азаар миний шүүгээнд яг тэр даашинз байсан тул түүнд зээлүүлэхийг санал болгосон” хэмээн ярьжээ.
Ингэж Мел Си хамтлагийн андаасаа зээлсэн зааны ясан өнгөтэй, торгон “Lace Cami Dress” даашинзыг чемодандаа хийн Австрали руу ниссэн байна.

Мөрөөдлийн даашинз
Гэвч даашинзны түүх үүгээр дууссангүй. Виктория Их Британид дахин ач холбогдол бүхий том баяр болохыг мэдээд найздаа зориулж мөрөөдлийнх нь даашинзыг тусгайлан урлаж өгөхөөр санал болгожээ.
Дизайнер эмэгтэй албан ёсны хурим дээр өмссөн өнөөх “Lace Cami Dress”-ийг суурь болгон ашигласан байна. Загварын хувьд Францын “Jean Bracq” брэндийн өндөр зэрэглэлийн Лион торгомсог угалзыг гараар хайчлан сатин суурь дээр оёж, дахин давтагдашгүй хээг бүтээжээ.
Мел Си Vogue сэтгүүлд нэмж ярихдаа:
- “Би минималист хэв маягийг илүүтэйд үздэг тул хэт чамин, нарийн түвэгтэй зүйлээс татгалзсан. Энэ нь Викториягийн загварын зарчимтай төгс тохирдог.”
- “Түүний хувцаснууд маш эмэгтэйлэг мөртлөө туйлгүй тухтай байдаг нь миний зан чанарт яг таардаг” хэмээн онцолсон юм.
