У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдээ тодорхойлов

0 comments
У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдээ тодорхойлов

Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкотой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийжээ.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь Улсад хийж буй анхны төрийн айлчлал нь хоёр орны харилцааны цаашдын чиглэлийг тодорхойлох, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой байгааг онцолсон байна.

Мөн Монгол, Беларусийн найрсаг харилцааг нийгэм, эдийн засгийн олон салбарт бодит үр дүнтэйгээр өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хоёр улсын төрийн тэргүүн илэрхийлжээ.

Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцав

Албан ёсны хэлэлцээний үеэр хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудад тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.

Тухайлбал, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд Монгол, Беларусийн хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх талаар санал солилцжээ.

Үүнээс гадна талууд дараах салбаруудад хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийг хэлэлцсэн байна:

  • хөдөө аж ахуй,
  • хөнгөн үйлдвэр,
  • гааль,
  • магадлан итгэмжлэл,
  • боловсрол,
  • эрүүл мэнд,
  • спорт,
  • мэдээлэл, харилцаа холбоо,
  • аюулгүй байдал.

Хамтын ажиллагааг зөвхөн худалдаагаар хязгаарлахгүй, эдийн засгийн бодит төсөл, салбар хоорондын харилцаагаар баяжуулах нь чухал гэж үзжээ.

Олон улсын асуудлаар санал солилцлоо

У.Хүрэлсүх, А.Г.Лукашенко нар Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд Монгол, Беларусийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар мөн ярилцсан байна.

Түүнчлэн бүс нутгийн нөхцөл байдал, олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа солилцож, цаашид олон талт хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Беларусь Улсад хийж буй энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, эдийн засаг болон салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал голлох байр суурь эзэлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй