Ши Жиньпин: Хятад, АНУ өрсөлдөгч бус түнш байх ёстой

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ши Жиньпин

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Ардын хурлын ордонд уулзлаа. Уулзалтын эхэнд тэрбээр дэлхий дахин өөрчлөлтийн шинэ үед орж буй энэ цагт Бээжинд болж буй Америк, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалт олон улсын анхаарлын төвд байна гэж мэдэгдэв.

Ши Жиньпин “Та дахин Хятадад хүрэлцэн ирлээ. Таны айлчлал дэлхий дахины анхаарлыг татаж байна гэж хэлж болно” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр хоёр улс сөргөлдөх нь аль алинд нь хохиролтой тул өрсөлдөгчийн байр сууринаас бус түншлэлийн зарчмаар харилцах шаардлагатай байна.

БНХАУ-ын дарга Хятад-Америкийн харилцаа түүхэн таатай үе рүү шилжинэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Мөн Доналд Трамптай хоёр улсын болон дэлхий дахины тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтын зөв чиглэлийг тодорхойлон, Хятад-Америкийн харилцааны аварга хөлөг онгоцны сайн залуурдагчид байх ёстой гэж хэлсэн байна.

Доналд Трамп хариуд нь “Таны анд нөхөр байх нэр төрийн хэрэг. Хятад, АНУ-ын харилцаа хэзээ хэзээнээс сайн болно гэдэгт итгэж байна” гэж мэдэгдэв. Тэрбээр хоёр орны өмнө сайхан ирээдүй байгаа гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин “Манай хоёр улс Фукидидын занганаас зайлсхийж, том гүрнүүдийн харилцааны шинэ хэв маягийг нээж чадах уу? Тус хоёр улс дэлхийн өмнө тулгарсан сорилтыг сөрж, дэлхий дахинд тогтвортой байдлыг авчирч чадах уу? Энэ бүх асуултуудад бид хамтдаа хариулт өгөх ёстой” гэж хэлсэн байна.

Түүний байр сууринаас үзвэл олон улсын хамтын нийгэмлэг дахин түүхэн уулзвар дээр ирээд байгаа бөгөөд 2026 он Хятад, АНУ-ын харилцааны хувьд түүхэн хөгжлийн жил болох ёстой аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хэлснээр Вашингтон Хятадтай харилцан ашигтай зарчимд тулгуурлан худалдаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Тэрбээр энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Америкийн томоохон компаниудын удирдлагууд, дэлхийн шилдэг 30 компанийн тэргүүн нар багтсан бөгөөд тэд Хятад улстай худалдаа, бизнес хийх хүсэлтэй байгааг дурджээ.

Трамп мөн “Бидний өмнө томоохон уулзалт, хэлэлцээ хүлээж байна. Энэ бол цар хүрээний хувьд түүхэн дэх хамгийн том дээд хэмжээний уулзалт юм” хэмээн онцолсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй