Counter-Strike 2 төрлийн шилдэг тоглогчдын нэг, ОХУ-ын Данил “donk” Крышковецыг элсүүлэхээр Украины Inner Circle баг 10 сая ам.долларын санал тавьсан ч Team Spirit хүлээж аваагүй байна. Хэрэв уг наймаа хэрэгжсэн бол CS2-ын түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнтэй тоглогчийн шилжилт болох байжээ.
Donk-ийн зах зээлийн үнэлгээг 10 сая ам.доллароос давсан гэж үзэж байгаа ч Team Spirit багийн удирдлагууд түүнийг худалдах асуудлаар хэлэлцээ хийхээс татгалзсан байна.
“Donk-ийн үнэ 10 сая ам.доллароос хамаагүй өндөр”
Team Spirit багийн маркетингийн захирал Константин “-tvd-” Мачаидзе багийнхаа гол тоглогчийг өөр багт шилжүүлэх бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр “Бид гол од тамирчнаа зарахгүй. Donk-ийн үнэ 10 саяас хамаагүй өндөр. Тэр бол Майкл Жордан, Коби Брайантын хэмжээний тоглогч. Зодог тайлтлаа “Spirit” багт үлдэх ёстой” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ нь donk-ийг багтаа элсүүлэх гэсэн анхны оролдлого биш юм. Өмнө нь BC.Game Esports баг 2026 оны эхээр түүнийг авахын тулд 5 сая ам.долларын санал тавьсан ч хариу авч чадаагүй билээ.
Мэргэжлийн тоглогчид donk-ийг 5-15 сая ам.доллароор үнэлжээ
CS2-ын шилдэг тоглогчдын шилжилт хөдөлгөөн, үнийн үнэлгээний талаар “Кибер спорт” сайт мэргэжлийн тамирчдын дунд санал асуулга явуулж, donk-ийг ямар үнээр худалдах боломжтойг тодруулсан байна.
Санал асуулгад оролцсон тоглогчдын хариулт дараах байдалтай байжээ.
- Brollan: 10 сая ам.доллар
- BLitz: 5 сая ам.доллар
- Mzinho: 5-7 сая ам.доллар
- Makazze: 5 сая ам.доллар
- IM: Ямар ч үнээр зарахгүй
- Wicadia: Хэзээ ч зарахгүй
- MAJ3R: Ямар ч тохиолдолд зарахгүй
- Dumau: 10 сая ам.доллар
- Krabeni: 10-15 сая ам.доллар
- Dziugss: Зарахгүй
- Staehr: 15 сая ам.доллар
- TN1R: 2 кг төмс
- Donk: 1 кг лууван
Тоглогчдын зарим нь donk-ийн үнийг 5-15 сая ам.долларын хооронд үнэлсэн бол бусад нь түүнийг ямар ч үнээр худалдах ёсгүй гэж үзжээ. Харин TN1R болон donk өөрөө асуултад хошигносон байдлаар хариулсан байна.
Ийнхүү donk-ийг элсүүлэхээр өндөр үнийн дүнтэй саналууд ирж байгаа ч Team Spirit баг түүнийг бүрэлдэхүүндээ үлдээх байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
