“Төмөр замын газар”-ын Тээврийн удирдлагын газрын дарга М.Онон өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд тархсан, 10 сая төгрөг шилжүүлсэн гэх агуулгатай бичлэгт гарч буй хүн өөрийг нь биш хэмээн мэдэгдлээ. Тэрбээр уг мэдээллийг няцааж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандахаа илэрхийлсэн байна.
Цахим орчинд “Монголын төмөр зам”-ын дарга 10 сая төгрөг шилжүүлсэн гэх тайлбартай бичлэг тархсаны дараа түүнд дурдагдсан албан тушаалтан нь М.Онон байж болзошгүй гэсэн таамаг бүхий мэдээлэл нийтлэгдсэн юм. Гэвч бичлэгт гарч буй хүний хэн болох болон мөнгө шилжүүлсэн гэх мэдээлэл нь баталгаажаагүй байна.
“Бичлэгт гарч байгаа хүн би биш” гэв
М.Онон өөртэй нь холбон түгээж буй мэдээллийг үгүйсгэж, бичлэгт өөр хүн гарч байхад зөвхөн дуу хоолой төстэй гэх үндэслэлээр түүнийг буруутгаж байна гэж тайлбарлажээ.
Тэрбээр “Бичлэг дээр шал ондоо хүн байхад л хоолой нь адилхан байна гэж гүтгэж байна. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн бичлэг цацагдсан өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан бөгөөд тухайн өдрийн явсан маршрут, очсон газар болон бусад үйл явдлыг хяналтын камерын бичлэгээр нотлох боломжтой гэжээ. Эдгээр баримтыг цагдаагийн байгууллагад өгөхөөр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.
Гэр бүлийнх нь нэр хүндэд нөлөөлж байгааг онцолжээ
М.Онон бичлэгт гарсан эмэгтэйг танихгүй, цахим орчинд түгсэн мэдээлэлтэй ямар ч холбоогүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн уг асуудал хувийн амьдрал болон ажлын нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгааг дурджээ.
Тэрбээр “Хэдийгээр энэ үйлдэлд би оролцоогүй ч гэсэн манай гэр бүлийн хувьд маш хүнд байна. Эхнэр маань жирэмсэн үед намайг зориуд, зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Миний салбартаа ажиллах нэр хүнд ч хэцүү болж байна. Надад 10 сая төгрөг байхгүй” гэж ярьсан байна.
Ийнхүү М.Онон өөрийг нь цахим бичлэгтэй холбон мэдээлж буйг няцааж, хууль хяналтын байгууллагад баримт гаргаж өгөх, шүүхээр нэр төрөө хамгаалуулах байр суурь илэрхийллээ. Түүнийг зориуд гүтгэсэн гэх мэдэгдэл нь одоогоор түүний өөрийн тайлбар бөгөөд зохион байгуулалттай гүтгэлэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байна.
