“Годзилла Конгийн эсрэг” (Godzilla vs. Kong) киноны одоор тодорсон Америкийн залуу жүжигчин Кэйли Хоттл АНУ-д авто ослоор амь үрэгдсэн тухай TMZ хэвлэл мэдээллээ.
Харамсалтай явдал 7-р сарын 21-ний өглөө АНУ-ын Мэриленд мужийн Ижамсвилл хотод болсон байна.
Ослын нөхцөл байдал
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, Кэйли Хоттл нь гурван хүн зорчиж явсан “Honda Accord” автомашины зорчигчийн суудалд явжээ. Уг автомашин замаас гаран гарч, усны хоолой мөргөсөн байна. Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлсний улмаас аваар гарсан гэж үзэж байгаа аж.
Автомашины жолооч ноцтой бэртэл аваагүй бөгөөд нөгөө нэг зорчигч эмнэлэгт хэвтэхээс татгалзжээ. Харин Кэйли Хоттл ослын улмаас тухайн газартаа нас барсан байна. Тэрээр ердөө 18 настай байв.

Сонсголын бэрхшээлтэй ч дэлхийн од болсон нь
Кэйли Хоттл Жоржиа мужийн Атланта хотод төржээ. Тэрээр төрөлхийн сонсголын бэрхшээлтэй байсан тул дохионы хэлээр харилцдаг байв. Гэсэн хэдий ч энэ нь түүний жүжигчний карьераа амжилттай эхлүүлэхэд саад болоогүй юм. Тэрээр 9 настай байхдаа анхны сурталчилгаандаа тоглож байжээ.
Улмаар “Годзилла Конгийн эсрэг” болон “Годзилла Конгийн эсрэг: Шинэ эзэнт гүрэн” (Godzilla x Kong: The New Empire) блокбастер кинонуудад Жиа (Jia) хэмээх охины дүрийг бүтээсэн билээ. Тэрээр дохионы хэл ашиглан Кинг-Конгтой харилцаж чаддаг өвөрмөц дүрийг дэлгэцнээ чадварлаг амилуулж, дэлхий дахины үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.