Хайден Панеттьеригийн цогцост задлан шинжилгээ хийлээ: Ямар мэдээлэл тодорхой болж, хэргийн газраас юу олдов?

2 comments
Хайден Панеттьери

Америкийн жүжигчин Хайден Панеттьеригийн сэжигтэй нас баралтын талаарх шинэ мэдээллүүд тодорхой болсоор байна. Өмнөд Каролина мужийн Гринвилл тойргийн коронерын албанаас 8-р сарын 17-нд жүжигчний цогцост задлан шинжилгээ хийж дууссанаа мэдээллээ. Албан ёсны дүгнэлтээр түүний биеэс нас барахад шууд нөлөөлсөн ямар нэгэн гаднын нөлөөтэй гэмтэл бэртэл олдоогүй байна.

“Өнөөдөр задлан шинжилгээ хийж дууслаа. Шинжилгээгээр нас барах үхлийн шалтгаан болох ямар нэгэн бэртэл гэмтлийн шинж тэмдэг илрээгүй. Үхлийн тодорхой шалтгаан болон нөхцөл байдлыг цаашдын нэмэлт судалгаа, лабораторийн шинжилгээний хариу гарах хүртэл тодорхойгүй гэж үзэж байна”Гринвилл тойргийн коронерын алба

Ийнхүү 36 настай жүжигчний үхлийн тодорхой шалтгааныг нарийвчлан тогтоохоор хууль сахиулагчид нэмэлт лабораторийн шинжилгээний хариуг хүлээж байна. Үүний зэрэгцээ TMZ хэвлэлд мэдээлснээр, хэргийн газарт буюу жүжигчний матрас дээрээс опиоид төрлийн бодисын тунг хэтрүүлэн хэрэглэсэн үед яаралтай тусламж үзүүлж, үйлчлэлийг нь блоклодог хамар руу цацдаг спрей бэлдмэл олдсон байна. Гэвч уг эмийн бэлдмэлийг Хайден өөрөө хэрэглэсэн үү, эсвэл тун хэтрүүлсний улмаас нас барсан уу гэдэг нь одоогоор албан ёсоор батлагдаагүй байгаа юм.

Х.Панеттьеригийн цогцост задлан шинжилгээ хийв

8-р сарын 16-ны 13:50 цагийн орчимд цагдаагийн газарт түүний “танил”-аас эмэгтэй хүн ухаангүй байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын үеэр “тунг хэтрүүлсэн байж болзошгүй”, “зүрх зогссон” гэх үгс хэлэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Эмч, цагдаа нар газар дээр нь шуурхай очсон ч жүжигчнийг аварч чадалгүй, тухайн газарт нь нас барсныг констатаци хийжээ.

Хайден Панеттьери нь “Heroes”, “Nashville” цувралууд болон “Scream 4”, “Remember the Titans” зэрэг кинонуудад бүтээсэн ролоороо дэлхийд алдаршсан юм. Тэрээр Украины боксчин Владимир Кличкотой сүй тавьж байсан бөгөөд тэд 2014 онд төрсөн Кая-Евдокия нэртэй нэг охинтой билээ. Жүжигчин бүсгүй урьд нь төрсний дараах депресс, мөн архи, мансууруулах бодисын хамааралтайгаа нээлттэй тэмцэж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд амьдралаа хэвийн голдиролд нь оруулж, охинтойгоо харилцаагаа сэргээхийг хичээж байжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Дөлгөөн 8 сар 21, 2026 - 03:16

Ёоох, ямар харамсалтай юм бэ… Үнэхээр залуугаараа байж

Reply
Баярмагнай 8 сар 21, 2026 - 03:18

Хэрэг нь хурдан илрээсэй, үнэн мөн нь олдоно гэж найдаж байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй