“Дурлалын сезон”, “Энэ бол хайр” зэрэг хит уран бүтээлээрээ сонсогчдын сэтгэлд хоногшсон “Honeymoon” хамтлаг шинэ технологийн дэвшлийг уран бүтээлтэйгээ хослуулан “Зүүд” нэртэй шинэ дуугаа толилууллаа. Өнгөрсөн долоодугаар сард нээлтээ хийсэн тус уран бүтээл нь бүрэн хэмжээний хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн клиптэй бөгөөд энэ нь Монголын хөгжмийн салбарт анхны бүрэн AI клип болж байгаагаараа онцлог юм.
Хамтлагийн гишүүд шинэ уран бүтээлээ танилцуулахдаа бие биеэ хүндэтгэх зарчим болон хариуцлагатай байдал нь тэдний өдийг хүртэл хамтдаа уран бүтээл туурвих гол тулгуур болж ирснийг онцолсон байна. Тэд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд өнөөг хүртэл оршин тогтнож, сонсогчиддоо шинэлэг бүтээлүүдийг цувралаар хүргэсээр байна.
Ийнхүү “Honeymoon” хамтлаг “Зүүд” дуугаараа дамжуулан орчин үеийн хиймэл оюуны технологийг видео контенттой хослуулж, уран бүтээлийнхээ өнгө төрхийг баяжууллаа. Уг бүтээл нь цаашид дотоодын хөгжмийн салбарт технологийн шинэ шийдлүүдийг ашиглах боломжийг тэлж, салбартаа шинэ давалгааг эхлүүлж байна.
