Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар цаг үеийн тулгамдсан асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хатуухан байр суурь илэрхийлж, мэдэгдэл гаргасан байна. Энэхүү маргаантай нөхцөл байдал өнгөрсөн даваа гарагийн Засгийн газрын хэвлэлийн мэдээллийн цагаар эхэлсэн бөгөөд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр махны хангамж, нийлүүлэлтийн эргэн тойрон дахь асуудлаар албан ёсны тайлбар хийхдээ хотын хуучин удирдлагуудыг буруутгажээ.
Тус Засгийн газрын мэдээллийн үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын зүгээс дараах ноцтой мэдээллүүдийг олон нийтэд дэлгэсэн юм:
- “Нөөцийн махыг битгий худалдаанд гарга гэсэн чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер өгсөн. Үүнийг бид зохион байгуулалттай ажил гэж харж байна. Одоогоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж буй.”
- “Урьдчилсан байдлаар нийлүүлэгч компаниудын хэлээд байгаачлан 1.4 мянган тонн мах байхгүй байгаа нь тогтоогдсон дүн мэдээ байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргыг огцруулах арга хэмжээ авсан”
Дээрх зэмлэл, шүүмжлэлийг Хотын дарга асан Х.Нямбаатар огт үндэслэлгүй хэмээн үзэж, хэлсэн үг бүрээ баримтаар батлахыг шаардав. Тэрбээр урьд өмнө нь гарч байсан маргаантай хэргийг сануулах замаар өөрийн цахим хуудастаа “Могой минь дандаа худлаа баримтгүй зүйл ярьдагаа боль. Наадахаа өнөөдөр нотлоорой. Хэдэн сарын өмнө улсын газар нутаг зарсан гээд байсан. Тэр хэрэг дээр хэн шалгагдаад хэн ял авсан хэл. Дандаа худлаа ярина” хэмээн бичиж, Б.Энхбаярыг худал мэдээлэл тараахаа зогсоохыг уриаллаа.