Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) удирдлагын томилгоог мэргэжлийн чадвар, ил тод байдлын зарчимд тулгуурлан хийх болон иргэдийн нуруунд хүнд ачаа болж буй зээлийн хэт өндөр хүүг бууруулах асуудлыг хөндөн ярилцсан тухай УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Жилийн 54 хувийн хүүтэй зээл иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж байна
Парламентын зүгээс “УИХ таныг сонсож байна” цахим цэсээр дамжуулан иргэдээс авсан 1,000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байгааг УИХ-ын дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрбээр зургаан сарын өмнө СЗХ-ны удирдлагад зээлийн хүүг бууруулах дөрвөн тодорхой чиглэлээр үр дүн гаргах үүрэг өгсөн ч тус хорооны дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг дурдсан юм. Иймд дараагийн удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохдоо хэтийдсэн өндөр зээлийн хүүг бодитоор бууруулах чадварыг нэгдүгээр шалгуур болгохоо мэдэгдлээ.
Тоон үзүүлэлтээс харахад, банк бус санхүүгийн салбар 2025 онд 900 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ч нөгөө талд иргэдийн өрийн дарамт улам бүр өссөн байна. Тухайлбал, СЗХ өнгөрсөн аравдугаар сарын 21-нд сарын зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиар тогтоосон нь жилийн дүнгээр 54 хувийн хүүд хүрч байгаа бөгөөд зарим зээлийн аппликэйшн сарын 9 хувийн хүү тооцож байсныг илрүүлсэн ч хариуцлага тооцсон эсэх нь тодорхойгүй үлдсэнийг С.Бямбацогт шүүмжиллээ. Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна. Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мэргэжлийн таван холбооны шаардлага ба энэ онд хийх томилгоонууд
Энэ сарын 11-ний өдөр санхүүгийн зах зээлийн дараах таван мэргэжлийн холбоо хамтран СЗХ-ны удирдлагыг мэргэжлийн туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт үндэслэн томилох хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлээд байсан юм. Үүнд:
- Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо,
- Монголын даатгалын зах зээлийн холбоо,
- Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо,
- Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо,
- Монголын хохирол үнэлгээчдийн холбоо багтаж байна.
УИХ-ын дарга эдгээр холбоодын зарчмын шаардлагатай санал нэг байгаагаа илэрхийлээд, чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн СЗХ-ны даргын асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийн зэрэгцээ бүрэн эрхийн хугацаа нь дууссан орон тооны хоёр гишүүн, Сангийн яам болон Монголбанкнаас санал болгох орон тооны бус хоёр гишүүний томилгоог энэ ондоо багтаан шийдвэрлэхээ мэдэгдлээ. Түүнчлэн мэргэжлийн холбоодыг зөвхөн томилгооны асуудалд бус, зээлдэгч, даатгуулагч, жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, зээлийн хүүг бууруулахад бодитоор хамтран ажиллахыг уриалсан байна.
Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагын хяналт, хариуцлагыг чангатгаж, удирдлагын багийг ил тод сонгон шалгаруулалтаар шинэчлэх нь салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал нөлөөтэй юм. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, санхүүгийн байгууллагуудын ашиг орлого ба иргэдийн төлбөрийн чадварын тэнцвэрийг хангаснаар өрийн дарамтыг бууруулж, төрийн зохицуулалтад итгэх олон нийтийн итгэлийг сэргээх боломж бүрдэнэ.
