В.Путин, Ши Жиньпин нар Бээжинд уулзаж, хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
В.Путин, Си Жинпин нар Бээжинд уулзаж, хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурлаа

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нар тавдугаар сарын 20-ны өглөө Бээжин хотын Тяньаньмэний талбайд байрлах Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дамжуулснаар, хэлэлцээний дараа талууд “Олон туйлт ертөнцийг төлөвшүүлэх болон шинэ хэлбэрийн олон улсын харилцааны тухай” хамтарсан тунхаглал, мөн “Иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай” мэдэгдлийг тус тус баталсан байна.

Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков уг баримт бичигт Орос-Хятадын харилцааны хөгжлийн үндсэн чиглэлүүд болон олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх хоёр талын нэгдсэн байр суурийг тусгасан болохыг тэмдэглэв. Түүнчлэн Ушаковын хэлснээр, төлөөлөгчид эрчим хүчний салбарт “маш чухал зарим зүйл”-ийг тохиролцож чаджээ. Хэлэлцээний үр дүнд талууд өөр өөр салбарыг хамарсан хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Үүнээс гадна Хятад улс Оросын иргэдэд зориулсан визгүй зорчих дэглэмийг 2027 оны эцэс хүртэл сунгажээ. Ингэснээр ОХУ-ын иргэд тус улсад визгүйгээр 30 хүртэл хоног байх боломжтой бөгөөд хилээр нэвтрэхэд зөвхөн гадаад паспорт шаардлагатай аж.

Хэлэлцээний нээлттэй хэсэгт В.Путин хэлэхдээ, Москва болон Бээжингийн харилцаа “урьд өмнө байгаагүй өндөр түвшинд” хүрч, “жинхэнэ иж бүрэн түншлэлийн үлгэр жишээ” болсныг мэдэгдэв. Тэрээр Орос, Хятадын хамтын ажиллагааг “олон улсын тавцан дахь тогтворжуулагч гол хүчин зүйлсийн нэг” гэж нэрлээд, хоёр улс хамтран “илүү шударга, ардчилсан дэлхийн дэг журмын” төлөө зогсож байна гэлээ.

Харин Ши Жиньпин хариу хэлэхдээ, хоёр орны харилцаа “алхам алхмаар урагшилсаар өнөөдрийн өндөр түвшинд хүрсэн” гэдгийг онцоллоо. Түүний хэлснээр, дэлхий ертөнц урьдын “ширэнгийн хууль” руу эргэн орох эрсдэлтэй тулгарч байгаа бөгөөд энэ нөхцөлд Орос, Хятадын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ онцгой үнэ цэнтэй болж байна гэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй