Ихэнх нутгаар дулаарч, зарим газраар нойтон цас орно

0 comments
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дулаарна

Аравдугаар сарын 4-нөөс нутгийн баруун хэсгээр эхэлсэн дулаарал цаашид ихэнх нутгийг хамрах төлөвтэй байна. Гэхдээ ойрын өдрүүдэд баруун болон төвийн зарим аймгийн хойд хэсгээр бага хэмжээний бороо, нойтон цас орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Аравдугаар сарын 5-нд Баян-Өлгийн хойд хэсэг болон Увсын зарим суманд хур тунадас орно. Харин 5-наас 6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн зарим сумдаар бороо, нойтон цас үргэлжлэх төлөвтэй байна.

Аравдугаар сарын 6-8-нд зарим нутгаар хур тунадастай

Аравдугаар сарын 6-нд Завхан, Хөвсгөлийн хойд сумдаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд хэсэг болон Архангайн зарим сумдаар 0.0-2.0 мм хэмжээний бороо, нойтон цас орно.

Мөн аравдугаар сарын 8-нд Завхан, Хөвсгөлийн хойд сумд болон Төв аймгийн зарим хэсгээр хур тунадас орох төлөв гарчээ.

Салхины хувьд 6, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Өдөртөө зарим нутгаар 20-25 хэм хүрч дулаарна

Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4…-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0…-5 хэм хүйтэн байна.

Говийн бүсийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7…+12 хэм, бусад нутгаар +1…+6 хэм дулаан байх төлөвтэй. Харин өдөртөө Дархадын хотгор болон уулархаг нутгуудаар +9…+14 хэм, говийн баруун өмнөд хэсгээр +20…+25 хэм, бусад нутгаар +14…+19 хэм хүрч дулаарна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй