Өмнөд Солонгосын “Winner” хамтлагийн гишүүн Сон Мин У цэргийн албыг орлон хаах хугацаандаа үүргээ зөрчсөн хэрэгт буруутгагдаж, нэг жилийн хорих ял сонсжээ. Сөүл хотын Баруун дүүргийн шүүх аравдугаар сарын 1-нд шийдвэрээ гаргаж, уг ялыг хоёр жилийн хугацаагаар тэнссэн байна.
Эх сурвалжид дурдсанаар Сон Мин У 2023 оны гуравдугаар сараас 2024 оны арванхоёрдугаар сар хүртэл Сөүлийн баруун хэсэгт нийгмийн үйлчилгээний ажилтнаар цэргийн алба орлон хаахдаа нийт 102 өдөр ажилдаа очоогүй гэж шүүх тогтоожээ.
Прокурор 18 сарын хорих ял хүссэн
Прокурорын зүгээс түүнд 18 сарын хорих ял оноох санал гаргасан ч шүүх нэг жилийн хорих ял оноож, хоёр жилээр тэнсэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх шийдвэрээ танилцуулахдаа нийгмийн үйлчилгээний хэлбэрээр цэргийн үүрэг гүйцэтгэж буй хүмүүс ч хуульд заасан үүргээ хариуцлагатай биелүүлэх ёстойг онцолжээ.
Шийдвэр гарахаас өмнө Сон Мин У хийсэн үйлдэлдээ харамсаж байгаагаа илэрхийлж, өөрт нь санаа тавьж ирсэн хүмүүсээс уучлалт хүссэн гэж мэдээлжээ. Харин цаашид цэргийн албаны үүргээ дахин биелүүлэх эсэх талаар сэтгүүлчдийн асуултад тэрбээр хариулаагүй байна.
