Энэ оны наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах КОП17 олон улсын хурлын үеэр зохион байгуулалтын бүсэд хамаарах 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургууль буюу нийт 133 боловсролын байгууллагын үйл ажиллагаанд тусгай зохицуулалт хийхээр болов. Хичээл сургалтын үйл ажиллагаа 2026 оны есдүгээр сарын 01-ний өдөр танхимаар хэвийн эхэлнэ.
Наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд
Хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор заагдсан сургууль, цэцэрлэгүүдэд дараах зохицуулалтыг хийнэ:
- Цахим бүртгэл ба шилжилт: Байгууллагууд дээр биечлэн бүртгэл хийхгүй бөгөөд элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөнийг зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулна.
- Зайнаас ажиллах нөхцөл: Багш, ажилтнуудыг зайнаас ажиллах нөхцөлөөр хангах ба шаардлагатай тохиолдолд сургалтыг цахимаар явуулах бэлтгэлийг хангана.
- Цэцэрлэгийн уян хатан байдал: Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулна.
- Автомашины хөдөлгөөнийг бууруулах: Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэл хүргэж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг багасгах арга хэмжээ авна.

