Table of Contents
Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын нөхцөл муудахтай холбоотойгоор малчид, иргэд, тээвэрчдэд сэрэмжлүүлэг хүргэлээ.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр 2026 оны аравдугаар сарын 9-нөөс эхлэн нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна. Цаашид хүйтний эрч чангарч, зарим нутгаар салхи секундэд 15–17 метр хүрч ширүүсэх аж.
Цас, шуургатай байх бүсүүд
- Аравдугаар сарын 9-нд: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр
- Аравдугаар сарын 10-нд: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр
- Аравдугаар сарын 11-нд: Төвийн аймгуудын ихэнх нутгаар
- Аравдугаар сарын 12-нд: Нутгийн зүүн хэсгээр
Эдгээр өдрүүдэд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахын зэрэгцээ Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн бүсэд хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулжээ.
Аравдугаар сарын 10–14-ний урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховд, Хөвсгөлийн зарим, Завханы хойд сумдын нутгаар 0.0–5.0 мм бороо, нойтон цас, цас орно.
Аравдугаар сарын 10-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булганы хойд болон Хөвсгөлийн зарим сумдаар, 11-нд Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Төв, Хэнтийн зарим, Завхан, Өвөрхангай, Дорнодын хойд сумдын нутгаар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Аравдугаар сарын 12-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим сумдаар, 13-нд Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдаар хур тунадас үргэлжилнэ.
Салхи ширүүсэж, эрс сэрүүснэ
Аравдугаар сарын 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, талын нутгаар салхи секундэд 15–17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Мөн 10-нд нутгийн баруун хойд хэсгээр, 11, 12-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. Шөнөдөө:
- Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -13…-18 градус
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8…-13 градус
- Говийн бүсийн өмнөд хэсгээр +3…-2 градус
- Бусад нутгаар -3…-8 градус байна.
Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…+2 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +1…+6 градус, говийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байх төлөвтэй байна.
