“Lumino” хамтлагийн ахлагч MC Beatz цахим орчны сөрөг агуулга болон Фэйсбүүк платформ ашиглалтын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өмнө нь сошиал сүлжээг хаах талаарх яриаг эсэргүүцдэг байсан бол сүүлийн үед цахим орчинд өрнөж буй зохион байгуулалттай мэдээлэл, сөрөг агуулгыг ажиглаад Фэйсбүүкийг тодорхой хугацаанд хаах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрснээ мэдэгдэв.
Цахим орчны сөрөг нөлөө ба дотоодын платформыг дэмжих санал
MC Beatz-ийн онцолсноор Монголын цахим орчинд сөрөг тал нь хэт давамгайлж, иргэдийн сэтгэц болон нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ. Тэрбээр цахим орчны нөхцөл байдлыг шүүмжлэхдээ:
“Мэдээ мэдээллээ ойр ойрхон авлаа гээд иргэд нь баяжаад, улс нь хөгжихөөр бол цөм л хөгжихөөр боллоо. Гэтэл элий балай солиоролоос өөрийг лав олж харсангүй. Монголын цахим орчинд сөрөг тал нь хэт давамгайлсан байна. Фэйсбүүкийг гурван жил хаагаад үзэх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.
Мөн хууль тогтоогчдын зүгээс Фэйсбүүкийг 3 жилийн хугацаатай хаах санал гаргавал дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Ингэхдээ сошиал сүлжээний оронд дотоодын веб сайт, аппликейшнүүдийн хэрэглээг нэмэгдүүлж, дотоодын мэдээллийн сувгуудыг дэмжих боломжийг төрөөс бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа дурджээ.

2 comments
Зүгээр ажлаа хийгээд явж байхад фэйсбүүк хаах хэрэггүй шүү дээ
Фэйсбүүкгүй болчихвол бизнес хийдэг хүмүүс яах юм бэ?