Ж.Цэцэгмаа: “Их засаг кингс скүүл” сургууль төрөөс тоног төхөөрөмжийн санхүүжилт хүсээгүй, энэ бол улс төрийн гүтгэлэг

0 comments
Ж.Цэцэгмаа

Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт зориулан 50 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал хамаарал бүхий сургуульдаа төсвөөс 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Энэхүү асуудалд Ерөнхий сайдын ээж, Гавьяат багш Ж.Цэцэгмаа няцаалт хийж, албан ёсны тайлбар өглөө.

Төрөөс тусламж хүсээгүй ба хувийн хэвшлийн нэр хүндэд халдсан явдал

Гавьяат багш Ж.Цэцэгмаагийн мэдээлснээр Их засаг их сургууль нь цэцэрлэгээс эхлээд докторын түвшин хүртэл 30 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа төрөөс нэг ч удаа санхүүжилт болон эд материал хүсэж байсан тохиолдол үгүй гэв. “Их засаг кингс скүүл” сургуулийн хувьд Боловсролын яамнаас тоног төхөөрөмж болон сургалтын материаллаг бааз хүссэн гэх мэдээлэл нь ор үндэслэлгүй ташаа мэдээлэл бөгөөд ямар нэгэн хүсэлт огт хүргүүлээгүй болохыг тэрбээр мэдэгдлээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд хувийн хэвшлийн нэр хүндийг үл хайхран, улс төрийн зорилгоор харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад гайхашран харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.

Сургуулийн бэлтгэл ажил ба дараагийн алхмууд

Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдсан “Их засаг кингс скүүл” сургууль нь сургалтад шаардлагатай бүх тоног төхөөрөмж, материаллаг баазаа өнгөрсөн зуны хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоор бүрэн шийдвэрлэсэн болохыг олон нийтэд анхаарууллаа. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ням-Очир тус сургуулийг хүсэлт гаргасан мэтээр ярьсан гэх асуудлаар тодруулахад “Би тэгж яриагүй” гэж няцаасан бөгөөд энэхүү явдлыг хувийн хэвшлийг дорд үзэж, зохион байгуулалттайгаар улс төрийн хар пиар хийж буй хэлбэр гэж үзэж байгаагаа Ж.Цэцэгмаа багш онцоллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй