BLAST болон Монголын Электрон Спортын Холбоо (MESA) гурван жилийн хугацаатай Санамж бичигт гарын үсэг зурж, “BLAST Premier Open” тэмцээнийг 2027 оноос 2029 оныг дуустал жил бүр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтлоо. Гарын үсэг зурах ажиллагаанд BLAST-ийн дэд ерөнхийлөгч Жеймс Вуллард оролцсон бөгөөд энэ нь Төв Азийн бүс нутаг дэлхийн Tier-1 түвшний кибер спортын календарьт анх удаа тогтмол байрших түүхэн явдал болж байна.
Улаанбаатар хотыг сонгосон шалтгаан ба салбарын хөгжил
“The MongolZ” баг 2025 оны “BLAST Austin Major” тэмцээний финалд шалгарсан нь дэлхийн кибер спортын анхаарлыг Монголд хандуулсан юм. Жеймс Вуллардын онцолсноор Монгол Улсын нийт хүн амын 5 гаруй хувь нь өмнөх BLAST-ийн шууд дамжуулалтыг үзсэн бөгөөд үзэгчдийн идэвх, бүрэлдэн тогтсон экосистем нь Улаанбаатарыг зохион байгуулагч хотоор сонгох гол үндэслэл болжээ. MESA-гийн ерөнхийлөгч Ц.Мөнхтүвшин энэхүү шийдвэр нь Улаанбаатар хотыг Азийн кибер спортын гол төвүүдийн нэг болгох боломж гэж нэрлэсэн бол “The MongolZ”-ийг үүсгэн байгуулагч Л.Түвшинбилэг Монголын баг, тамирчид болон холбооны бэлтгэл чадварыг өндөр үнэлэв.
Тэмцээний формат, шагналын сан ба хуваарь
2027 оны BLAST Premier-ийн дэлхийн аялан тоглолтын хуваарьт Рио де Жанейро, Сингапур, Хонконг, Мальта хотуудаас гадна Улаанбаатар хот албан ёсоор багтаад байна.
Улаанбаатарт болох тэмцээний үндсэн үзүүлэлтүүд:
- Хугацаа ба байршил: 2027 оны 5 дугаар сарын 10-наас 23-ны өдрүүдэд “Степпе Арена”-д болно.
- Оролцогч багууд: Дэлхийн шилдэг 16 баг хоёр долоо хоногийн турш LAN форматаар өрсөлдөнө.
- Шагналын багц: Нийт 1,250,000 ам.доллар (500,000 ам.доллар нь шагналын сан, 750,000 ам.доллар нь багуудын олголт).
- Сонгон шалгаруулалт: VRS чансаа болон бүсийн тэмцээнүүдээс урилга олгох бөгөөд 2 эрхийг Азийн сонгон шалгаруулалтад тусгайлан нөөцөлжээ.
