Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдоод дөрөв орчим сар болж буй Б.Пүрэвдагва ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй гол ажлуудаа танилцууллаа. Тэрбээр Улаанбаатар хотыг цаашид бетонон ширэнгэ бус, иргэд чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх талбайтай, ахмад болон хүүхдүүдэд ээлтэй ногоон байгууламж бүхий орчин болгон хөгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Ногоон байгууламжийг тэлэх болон “Ногоон өртөө” төсөл
Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хороо буюу Ногооннуур орчмын 5.5 га талбайд Хаан банктай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна. Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 6,000 ам метр газрын зөвшөөрлийг өнгөрсөн зургаадугаар сард цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлжээ. Үүний зэрэгцээ агаарын ба орчны бохирдлыг бууруулах “Ногоон өртөө” төслийн хүрээнд хоёр сарын хугацаанд 14 цэгт цахилгаан автомашины 38 цэнэглэгч байршуулсан бөгөөд энэ онд багтаан уг тоог 80-д хүргэхээр төлөвлөөд байна.
Энергийн хэмнэлттэй орон сууц ба хийн халаалтын шилжилт
Хотын захиргаанаас Шархад, Баянхошуу дэд төвүүдэд ус, цахилгааны хэрэглээг 20-25 хувь хэмнэдэг, нарны панелтай ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид 270 айлын орон сууцыг нэмж барихаар тусгажээ. Түүнчлэн Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 5,000 айлыг хийн зууханд шилжүүлсэн бөгөөд ирэх жилүүдэд 10,000-15,000 айл болон сургууль, эмнэлгүүдийн уурын зуухыг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлснээр 130 мянган өрхийн яндангаас гарах нүүрсний утааг бууруулах боломж бүрдэх юм.
