Г.Дамдинням: Энгийн автобензин олдохгүй тул Евро-5 бензинээр нийлүүлэлт нөхөж байна

0 comments
Г.Дамдинням

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, үнэ, орон нутагт үүсээд буй хүндрэлтэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр ОХУ-аас нийлүүлдэг Евро-2 төрлийн бензиний үнэ өсөж, дэлхийн зах зээл болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтэд дарамт үүсэж байгааг онцолсон юм.

Сайдын хэлснээр Монгол Улс ОХУ-аас авдаг энгийн автобензиний нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Харин одоо “ОХУ-аас өөр энгийн автобензин үйлдвэрлэдэг газар байхгүй” тул БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсаас голдуу Евро-5 төрлийн бензин олж нийлүүлэлтээ нөхөж байгаа аж.

Г.Дамдинням “Шатахуун олдож л байвал их юм болчихоод байна. ОХУ-д Евро-2 төрлийн шатахууны үнэ тасралтгүй өсөж байна. Сар бүр худалдан авах ДТ болон шатахууны үнэ өсдөг. Одоо өсвөл өссөн үнээр, буувал буусан үнээр нь авахаас өөр сонголтгүй нөхцөл байдалтай байна” гэлээ.

Шатахууны чанар, хяналт шалгалтын талаар тэрбээр хилээр орж ирэх болон агуулах дээр буух үедээ бүтээгдэхүүн лацтай байдаг гэж тайлбарлав. ШТС дээр иргэдэд худалдаалах явцад л өөрчлөлт орохгүй бол бусад шатанд өөрчлөлт орох боломжгүй гэж үзэж буйгаа хэлээд, өчигдөр яамнаас хийсэн шалгалтаар ямар нэгэн алдаа, дутагдал илрээгүй гэв.

Одоогийн нөхцөл байдлын гол мэдээлэл:

  • өнгөрсөн долоо хоногоос хойш 14 мянган тонн АИ-92 автобензин орж ирж, түгээгдэж байна;
  • Роснефть компани энэ сард гэрээлсэн 50 мянган тонн шатахуунаа өгсөн;
  • Монгол Улс сард 75 мянга орчим тонн шатахуун хэрэглэдэг;
  • үүний 50 мянган тонныг ОХУ-аас авдаг;
  • үлдсэн 25 мянган тонны дутагдлыг БНХАУ, БНСУ, Сингапур зэрэг улсаас нөхөж байна.

АИ-92 буюу Евро-2 төрлийн бензинийг Ангарскын үйлдвэр Монгол, Киргиз хоёрт зориулан үйлдвэрлэдэг гэж сайд мэдээлэв. Энэ нь тогтвортой, харьцангуй хямд үнээр худалдан авдаг бензин бөгөөд гэрээнд зах зээл дээрх үнэ гурван сар тасралтгүй өндөр байвал үнийг өөрчлөхөөр тусгасан байна.

Г.Дамдиннямын хэлснээр өнгөрсөн хавраас ОХУ, Украины нөхцөл байдал, мөн Иран, АНУ-ын хоорондын зөрчилт байдлаас шалтгаалан үнэ савлаж эхэлжээ. ОХУ-ын биржийн үнээр худалдах хэлцэл хийсний үр дүнд үнэ харьцангуй тогтвортой явж ирсэн бөгөөд долоодугаар сард дизель түлш 100 төгрөгөөр буурч байсныг тэрбээр дурдсан юм.

Нийлүүлэлтийн хувьд хямралтай нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглээ хэвийн хэмжээнээс давж байгааг хэллээ. Тухайлбал, Улаанбаатарт ердийн үед нэг сард 1000-1200 тонн шатахуун хэрэглэдэг бол сүүлийн арав гаруй хоногт 1500-1700 тонныг нийлүүлсэн гэж мэдээлэв.

Орон нутагт хомсдол үүсгэхгүй байх чиглэлээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд аль аймаг, сум руу ямар хэмжээний шатахуун тээвэрлэж байгааг мэдээлдэг сувагтай болсон байна. Энэ долоо хоногийн төгсгөлд шатахууны хүндрэлтэй байгаа аймгуудад нийлүүлэлт бүрэн очих төлөвтэй гэж сайд хэлжээ.

Мөн шатахуун хадгалах сав, нөөцийн хүчин чадлыг сайжруулахаар ажиллаж буй аж. Эхний ээлжид нэг сарын нөөц хадгалдаг байсан хүчин чадлыг 45 хоног болгохоор төлөвлөсөн байна.

Г.Дамдинням бага стандарттай бензин үйлдвэрлэх нь дэлхий нийтэд буурч байгааг тайлбарлав. Агаарын бохирдол, эрүүл мэнд, экологийн стандартаас шалтгаалан улс орнууд Евро-5 зэрэг өндөр стандарт руу шилжиж байгаа тул Монголын хэрэглэж ирсэн энгийн автобензин олоход хүндрэлтэй болжээ.

Тэрбээр мөн ОХУ-ын бүх муж шатахууны захиалгад дараалалтай, нефть боловсруулах 30 гаруй үйлдвэрийнх нь 20 орчим нь халдлагад өртсөн гэж мэдээлэв. Ийм нөхцөлд ОХУ-аас бусад эх үүсвэрээс нийлүүлэлт татах шаардлага улам нэмэгдэж байгаа юм байна.

Орон нутагт саванд шатахуун олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэхээр шуурхай штаб хуралдаж байгааг сайд онцоллоо. Хадлан, тариа хураалтын үеэр энэ асуудал орон нутгийн иргэдэд хүндрэл учруулж байгаа тул тусгайлан хэлэлцэж байгаа аж.

Г.Дамдинням “Маш хямралтай нөхцөл байдалд байна шүү дээ, дэлхий нийтээрээ. Бид бүх боломжоороо хичээж байгаа” гэж хэллээ. Мөн газрын тосны үнэ өсөж, дахин хомсдох эрсдэл өндөр байгаа тул иргэдийг шатахуун, түлшний хэрэглээгээ хэмнэж, бусдад хүртээмжтэй байхыг уриалав.

Түүний мэдээлснээр газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн нөхцөл байдалтай байна. Иймд төр, хувийн хэвшил, иргэд хамтран боломжит нөөцөө зөв ашиглаж байж одоогийн хүндрэлтэй үеийг давна гэж сайд мэдэгдэв.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй