Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад харилцааны дэд сайд нарын түвшний VII удаагийн зөвлөлдөх уулзалт (2026.07.02) Улаанбаатар хотод боллоо. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Хятадын талаас Гадаад хэргийн туслах сайд Лю Бинь нар оролцож, төлөөлөгчдөө тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтаар гурван улсын уламжлалт найрсаг харилцаа, Монгол, Орос, Хятадын гурван талт хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын чиглэлийн талаар санал солилцсон байна. Мөн гурван улсын төр, засгийн газрын тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажил, өндөр түвшинд тохиролцсон асуудлуудын хэрэгжилтийн явцыг талууд танилцуулжээ.
Хэлэлцсэн гол асуудлууд:
- Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилт;
- Төмөр зам, авто зам, транзит тээвэр, логистикийн төслүүд;
- Эрчим хүчний дэд бүтцийн хамтын ажиллагаа;
- Бүс нутгийн хамтын ажиллагаа, Зүүн хойд Азийн аюулгүй байдал;
- НҮБ болон олон улсын байгууллагууд дахь хамтын ажиллагаа;
- “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга;
- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд өрнөж буй үйл явц.
VII удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр талууд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн талаар мөн мэдээлэл солилцсон байна. Үүнээс гадна эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх бусад тэргүүлэх төслүүдийн явц, цаашдын хэрэгжилтийн талаар ярилцжээ.
Талууд уулзалтыг ажил хэрэгч, үр дүнтэй болсон гэж дүгнэсэн байна. Цаашид гурван талт хамтын ажиллагааны өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн коридорын төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулах, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцжээ.
2 comments
Хамтын ажиллагаа сайн байгаасай
Ийм уулзалтууд хэрэгтэй гэж боддог