Азийн хөгжмийн салбарт шинээр эхлэх гэж буй “Eurovision Song Contest Asia” телевизийн дууны тэмцээнд Монгол Улс албан ёсоор оролцохоор болжээ. Зохион байгуулагчдын зүгээс Монголыг тус уралдаанд нэгдсэн 11 дэх улс хэмээн зарласан бөгөөд анхны тэмцээн 2026 оны сүүлээр Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдах юм.
Монгол Улсыг төлөөлөх уран бүтээлчийг тодруулах үндэсний сонгон шалгаруулалтыг “Mongolia’s Chosen One” нэрийн дор явуулахаар төлөвлөсөн байна. Европт олон жилийн турш зохион байгуулагдсан “Eurovision Song Contest”-ийн үндсэн үзэл баримтлал, форматыг Азийн орнуудад зориулан анх удаа хэрэгжүүлж буйгаараа тус төсөл онцлог бөгөөд Монголын уран бүтээлчдэд олон улсын үзэгчдэд бүтээлээ хүргэх шинэ боломж нээж байна.
Анхны “Eurovision Asia” тэмцээнд нийт 11 улсын төлөөлөгч өрсөлдөхөөр зарлагджээ. Үүнд:
- Монгол
- Тайланд
- Өмнөд Солонгос
- Малайз
- Филиппин
- Вьетнам
- Камбож
- Лаос
- Бангладеш
- Бутан
- Непал
Оролцогч улс бүр өөрийн уран бүтээлчийг илгээж, Бангкокийн тайзнаа эх орноо төлөөлөн өрсөлдөх юм. Ийнхүү Монгол Улс Азийн бүсийн шинэ хөгжмийн томоохон төслийн анхны оролцогчдын нэг болж байна.
Тэмцээний финалын тоглолтыг олон улсын үзэгчид “Eurovision Song Contest”-ийн албан ёсны YouTube сувгаар шууд үзэх боломжтой. Түүнчлэн оролцогч орнуудын үндэсний телевизүүд финалын тоглолтыг өөрсдийн сувгаар шууд дамжуулахаар төлөвлөжээ.
