Элэнц өвгийнхөө балгаар замнал нь төгссөн Солонгосын жүжигчин Ха Ён

0 comments
Ха Ён

Өмнөд Солонгосын эрэлттэй жүжигчдийн нэг Ха Ён “The Trauma Code: Heroes on Call” цувралын нээлтийн үеэр хэлсэн амны алдаанаасаа болж жүжигчний карьертаа бүрмөсөн цэг тавихад хүрээд байна. Тэрбээр гэр бүлийнхээ түүхээр бахархан ярьсан ч элэнц өвөө нь Японы дарангуйллын үед эх орноосоо урван дайсны талд ажиллаж байсан хүн болох нь сэтгүүлчдийн судалгаагаар илрэн, нийгмийн асар том дарамттай нүүр туллаа.

Элэнц өвгийн бахархал ба бодит үнэн

Жүжигчин бүсгүй цувралын нээлтэд зориулсан шоу нэвтрүүлгийн үеэр өөрийгөө 4 үе дамжсан эмчийн гэр бүлээс гаралтай хэмээн онцолж, элэнц өвөг Ан Сан Хо нь Солонгост анхны барууны эмнэлгийг нээсэн хэмээн бахархалтайгаар ярьжээ.

Гэвч сэтгүүлчид уг баримтыг нягтлан шалгахад Ан Сан Хо нь Японы эзлэн түрэмгийллийн үеэр колоничлогчдын талд ажиллаж, Солонгосыг Японд уусгах бодлогыг идэвхтэй дэмждэг байсан “Чинильпа” (Японыг дэмжигч) байжээ. Тэрбээр япон эхнэртэй байсан бөгөөд 1918 оны 12 дугаар сард “Мэиль Синбо” сонинд өгсөн ярилцлагадаа:

“Би бол яг л япон хүн, тэднээс ялгагдахгүй. Надад одоо нэг ч солонгос хувцас байхгүй. Би солонгос хүмүүстэй харьцдаггүй болохоор ямар нэг таагүй зүйл надад тохиолддоггүй. Хүүхдүүдээ ч би япон маягаар өсгөж, хүмүүжүүлдэг” хэмээн ярьж байсан нь баримтаар нотлогдсон юм.

Карьерын төгсгөл ба хууль зүйн үр дагавар

Өмнөд Солонгост колоничлолын үеийн урвагчдын асуудал асар эмзэг сэдэв тул хэрэг явдал маш хурдацтай өрнөлөө:

  • Цувралаас хасагдав: Олон нийтийн шаардлагаар Ха Ён “The Trauma Code: Heroes on Call” цувралаас албан ёсоор хасагдаж, сурталчилгааны гэрээнүүд нь цуцлагджээ.
  • Сөрөг реакц: Жүжигчин бүсгүй цаг алдалгүй уучлал хүсээгүй нь байдлыг улам хүндрүүлсэн бөгөөд дээрээс нь “Netflix Japan” түүнийг “Өөрийнхөөрөө амьдардаг зоригтой бүсгүй” хэмээн сайшаасан 4 минутын бичлэг цацсан нь олон нийтийн бухимдлыг улам шатаав.
  • Хөрөнгө хураах асуудал: БНСУ-ын парламент уг асуудлыг тусгайлан хэлэлцэж, 2005 онд батлагдсан “Японы түрэмгийлэгчдийн талд ажиллаж байсан хүмүүсийн өмч, хөрөнгийг хураах хууль”-ийн дагуу тэдний гэр бүлийн эзэмшиж буй газрыг хураан авах боломжийг судалж эхлээд байна.

Өмнөд Солонгосын нийгэмд хууль зүйн хариуцлагаас гадна түүхэн урвалттай холбоотой олны танил хүмүүс нийгмийн шахалтаар карьераа бүрмөсөн дуусгавар болгодог бичигдээгүй хууль үйлчилсээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй