Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, олон улсын харилцааг бэхжүүлэх зорилготой “Зам 2026” сургалт, дадлага Япон Улсад зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ Японы Ибараки мужийн Хитачинака хот дахь Японы өөрийгөө хамгаалах хүчний Инженерийн сургуульд болсон байна.
Монголын талаас зэвсэгт хүчний 15 ажилтан сургалтад оролцжээ. Тэд энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай байгууламж барих, тэдгээрийн дэд бүтэц, хангамжийн системийн талаар судалсан байна.
Сургуулилтын хүрээнд инженерийн батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор онолын сургалт болон хээрийн дадлага зохион байгуулжээ. Энэ удаагийн сургалт бааз барих, хөгжүүлэх, цахилгаан болон усан хангамжийн системд илүү анхаарсан байна.
“Зам 2026” нь Монгол, Японы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй сургалт юм. Японд болсон онолын сургалт, дадлага зургаадугаар сарын 19-нийг хүртэл үргэлжилсэн бөгөөд илүү нарийвчилсан практик хэсгийг ирэх наймдугаар сард Монгол Улсад хийхээр төлөвлөжээ.