Хүүхдийн зуслангуудыг хууль бусаар хувьчилсан зөрчлүүдийг АТГ шалгаж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ӨЛЗИЙТ Хүүхдийн зуслан

Хүүхдийн зуслангуудын өмч хувьчлалын үйл ажиллагаа болон гэрээний хэрэгжилтийг хянах, зориулалтын бусаар ашигласан зөрчлийг арилгах зорилготой шалгалт үргэлжилж байна. Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн 2026 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр баталсан удирдамжийн дагуу байгуулагдсан тус ажлын хэсэг хүүхдийн эрхийг хангах, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа юм. Одоогоор “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт”, “Ундраа” зэрэг зуслангуудын хувьчлалын явц, гэрээний үүргийн биелэлтийг нарийвчлан хянаж байна.

Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2007 оны тогтоолоор хувьчлагдсан зарим зуслангуудад хууль зөрчсөн үйлдлүүд олноор илэрчээ. Хяналт шалгалтын явцад гэрээ дүгнэсэн баримт байхгүй, зохих хяналтыг тавиагүй, зориулалтын дагуу ажиллуулаагүй зэрэг ноцтой дутагдлууд тогтоогдсон байна. Тухайлбах, шалгалтад хамрагдсан объектуудын өнөөгийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэжээ.

  • “Соёл” зуслан (Төв аймаг, Батсүмбэр сум): Тухайн үеийн Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд хууль бусаар хувьчлагдсан байна. Өнөөдрийн байдлаар ямар ч барилга байгууламж үлдээгүй бөгөөд Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А/110 дугаар захирамжаар тус зуслангийн 10 га газрын эрхийг хүчингүй болгожээ.
  • “Өлзийт” зуслан (Төв аймаг, Эрдэнэ сум): Зуслангийн хашаа нь тоногдож дууссан бөгөөд байшингуут нь чанарын шаардлага хангахгүй хуучирсан тул хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөлд орсон байна.
  • “Хандгайт” зуслан: “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшилд байдаг тус зуслангийн газар анх 30,6 га байснаас одоо 19,7 га болж багассан байна. Энэхүү дундаас нь мод үржүүлэг болон гэр бүлийн хэрэгцээгээр нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлсэн асуудлыг нарийвчлан шалгаж эхэлжээ.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгээс зөрчил үүссэн хүүхдийн “Соёл” болон ”Өлзийт” зуслангийн хувьчлалыг хүчингүй болгохоор эрх бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлээд байна. Түүнчлэн Нийслэлийн өмч хувьчлах комиссын хурлаар дээрх 2 зуслангийн өмч хувьчлалын шийдвэрийг цуцлуулах арга хэмжээг авахаар шуурхай ажиллаж байна. Батсүмбэр сумын Засаг даргад ч тухайн газрын эрхийг бусдад дахин шилжүүлэхгүй байх албан шаардлагыг хүргүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй