Монголчууд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчино

0 comments
Монголчууд Тайландад 30 хоног визгүй зорчино

Тайландын Хаант Улс аялал жуулчлалын зорилгоор визгүй нэвтрэхтэй холбоотой журмаа шинэчилжээ. Тус улсын Дотоод хэргийн яам визийн чөлөөлөлтөд хамрагдах улс, нутаг дэвсгэрийн шинэ жагсаалтыг 2026 оны наймдугаар сарын 31-нд Тайландын Засгийн газрын албан ёсны хэвлэл болох “Royal Gazette”-д нийтэлсэн байна.

Шинэчилсэн нөхцөлийн дагуу жагсаалтад нэр дурдагдсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигчид Тайландын Хаант Улсад аяллын зорилгоор 30 хүртэл хоног визгүй байх боломжтой болжээ. Үүнээс гадна газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог нэг хуанлийн жилийн хугацаанд хамгийн ихдээ хоёр удаа байхаар хязгаарласан байна.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн шинэ жагсаалтад ороогүй байна. Гэсэн хэдий ч Монгол Улс болон Тайландын Хаант Улсын хооронд өмнө нь байгуулсан хоёр талын хэлэлцээр хүчинтэй хэвээр байгаа тул Монгол Улсын энгийн гадаад паспорттой иргэд Тайландад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой.

Шинэ журам “Royal Gazette”-д албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 15 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тусгасан байна. Иймээс 2026 оны есдүгээр сарын 15-наас эхлэн Монгол Улсын иргэдийн Тайландын Хаант Улсад визгүй зорчих зөвшөөрөгдөх хугацаа 30 хүртэл хоног байхаар өөрчлөгдөнө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй