Монголын баг сээр цохих төрөлд тасархай түрүүлж, хоёр том шагнал хүртлээ

0 comments
Монголын баг сээр цохих төрөлд тасархай түрүүлж, хоёр том шагнал хүртлээ

Киргиз Улсад үргэлжилж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын сээр цохих төрөлд Монголын баг өндөр амжилт үзүүлж, багийн дүнгээр алтан медаль хүртжээ.

Монголын баг нийт 121 оноо авч, өрсөлдөгчдөөсөө хол тасран тэргүүлсэн байна. Ингэснээр сээр цохих төрөлд Монгол Улс дэлхийн нүүдэлчдийн наадмын аваргаар тодорлоо.

Х.Гочоосүрэн үнэмлэхүй аварга болов

Булган аймгийн Баяннуур сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын суугуул Хатандоржийн Гочоосүрэн сээр цохих төрөлд үнэмлэхүй аваргаар шалгарчээ.

Тэрээр “МАК” ХХК-ийн харьяа Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөтийн уурхайд экскаваторын оператороор ажилладаг бөгөөд энэ удаагийн амжилтаараа “Чингис хааны дуулга” шагналын эзэн болсон байна.

Ц.Бэгзсүрэн нэг минутад 58 сээр цохиж рекорд тогтоов

Мөн Ц.Бэгзсүрэн нэг минутын хугацаанд 58 сээр цохиж, рекордны төрөлд тэргүүлжээ.

Түүний энэхүү үзүүлэлт наадмын шилдэг амжилтуудын нэг болж, “Чингис хааны сэлэм” шагналыг хүртсэн байна.

Ингэснээр Монголын баг сээр цохих төрөлд багийн аварга болохын зэрэгцээ үнэмлэхүй аварга болон рекордны төрөлд ч тэргүүлж, наадмын гол шагналуудаас хүртлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй