Олон улсын шатрын холбооноос /ФИДЕ/ хэрэгжүүлдэг “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах 2 дахь удаагийн цахим тэмцээнийг 2026 оны тавдугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тус тэмцээнд Монголын багууд амжилттай оролцож, медалийн буухиагаа үргэлжлүүлсэн байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хүмүүжигчдийн эрэгтэй 2 баг, эмэгтэй 1 баг, өсвөр насны ангилалд 1 баг өрсөлджээ. БНЭУ, Сингапур, Киргизстан зэрэг орны 25 багийн 102 тамирчин оролцсон уг тэмцээнд Монголын эрэгтэй болон эмэгтэй баг тус тус тэргүүн байрт шалгарч, хос алтан медаль хүртлээ.
Мөн Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын өсвөр насны хүмүүжигчдийн баг хүрэл медаль хүртсэн байна. Ийнхүү Монголын хүмүүжигчид Азийн аварга шалгаруулах цахим тэмцээнээс хоёр алт, нэг хүрэл медальтайгаар өндөр амжилт үзүүлжээ.