Хэвлэл: Ханхүү Уильям Харри болон түүний хүүхдүүдийн хааны цолыг хураахаар төлөвлөж байна

0 comments 5 үзэлт
Уильям

Их Британийн хаан ширээ залгамжлагч ханхүү Уильям дүү Харри болон түүний хүүхдүүд Арчи, Лилибет нарыг хааны цолоос нь хасах талаар бодож байгаа гэж Daily Mail мэдээлжээ. Тус хэвлэл сэтгүүлч Том Сайксын удахгүй гарах номд дурдсан мэдээллийг эш татсан байна.

Сайксын мэдээлснээр, Уильям хаан ширээнд суусныхаа дараа одоогийн дүрмийг өөрчлөхээр төлөвлөж байгаа аж. Тэрбээр зөвхөн хааны гэр бүлийн албан ёсны үүрэг гүйцэтгэдэг гишүүд ханхүү, гүнжийн цолоо хадгалж, мөн цалин болон үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй орон сууц авах эрхтэй байхыг хүсэж байгаа гэжээ.

Өөрчлөлт Уильямын өөрийн хүүхдүүдэд ч хамаарч магадгүй

Харин хааны бусад төрөл садан бүх давуу эрхээ алдаж, “Түүний Хааны Дээдэс” гэсэн хүндэтгэлийн хэргэмийг ашиглах эрхгүй болох аж. Энэ тухай Уильямын нэг найз сэтгүүлчид ярьсан гэж Сайкс бичжээ.

Шинэ журам Уильямын өөрийн хүүхдүүдэд ч нөлөөлж болзошгүй байна. Түүний охин Шарлотт болон бага хүү Луи хааны гэр бүлээс гадуур карьер хөөхөөр шийдвэл цолоосоо татгалзах боломжтой болох бөгөөд харин хаан ширээг залгамжлах ёстой ууган хүү Жоржид энэхүү шинэчлэл хамаарахгүй гэжээ.

Шинэ дүрмийг хааны тусгай зарлигаар хэрэгжүүлж магадгүй

Сайксын хэлснээр, Уильям төлөвлөгөөгөө туслахуудтайгаа аль хэдийн хэлэлцсэн байна. Тэрбээр хаан ширээнд суусныхаа дараа тусгай хааны зарлиг гарган шинэ журмыг хэрэгжүүлэх боломжтой гэж сэтгүүлч үзэж байгаа аж.

Сайксын Dukes of Hazard буюу “Аюулд орсон герцогууд” ном 2-р сард хэвлэгдэхээр төлөвлөгджээ. Ханхүү Уильямын төлөөлөгчид дээрх мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

Ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нар 2020 онд хааны гэр бүлийн ахлах гишүүдийн албан үүргээс татгалзсан юм. Гэсэн ч тэд Сассексийн герцог, гүнгийн авхай цолоо хадгалсан боловч “Хааны Дээдэс” гэсэн хүндэтгэлийн хэргэмийг албан ёсоор хэрэглэхээ больжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй