УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үеэр нийгэмд маш том хэлэлцүүлэг, шүүмжлэл дагуулсан нэгэн зарчмын зөрүүтэй санал дэмжлэг авч, хуулийн төсөлд тусгагдлаа. Энэ нь 2010 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд насан туршдаа бүх төрлийн тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүн худалдан авахыг бүрэн хориглох тухай заалт юм.
Хуулийн шинэ заалт ба түүнийг тойрсон шүүмжлэлүүд
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы гаргасан уг санал анх Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонхын дэмжлэгийг авч чаджээ. Шинэ заалтаар 2010 оноос хойш төрсөн иргэдэд тамхи худалдсан, нийлүүлсэн, үнэ төлбөргүй олгосон этгээдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.
Хуулийн төслийн энэ өөрчлөлтийг дагаад мэргэжилтнүүд болон худалдаа эрхлэгчдийн зүгээс дараах гол шүүмжлэлүүдийг гаргаж байна:
- Үзэл баримтлалын зөрчил ба “шургуулга”: Уг санал нь анх өргөн mэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалд огт тусгагдаагүй асуудал байжээ. Тодруулбал, тамхины сав, баглаа боодлын гадаад үзэмж, бусад эд зүйлтэй андуурагдахаар байхыг хориглосон заалт (6.7.17) дунд энэхүү насан туршийн хоригийг хүчээр нэмж багтаасан байна.
- Амьдралаас тасархай хориглолт: Асар өргөн хүрээний судалгаа, нотолгоо шаардах энэ шийдвэр нь ирээдүйд иргэдийн сонголт хийх эрхэд шууд халдаж буй бөгөөд хатуу диктатуртай нийгэмд л хэрэгжих боломжтой хаалт гэж зарим хуульчид үзэж байна.
- Давхар стандарт ба хэрэгждэггүй заалт: Сургуулийн орчноос 500 метрийн зайд тамхи худалдахгүй байх амьдрал дээр хэрэгждэггүй, авлигын сүлжээ үүсгэсэн заалтыг өөрчлөхийг Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо (MORA) шаардсан ч “анхны төсөлд байхгүй тул хөндөх хуульгүй” гээд орхисон атлаа энэхүү шинэ хоригийг баталсан нь давхар стандарт болов.
Хууль тогтоох дэгийн парадокс: Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Цэвээнжав/Ж.Чинбүрэн гишүүн 500 метрийн заалтыг өөрчлөх боломжгүй гэдгийг “Санаачлагчийн төслийн хүрээнд л ажиллах эрхтэй” гэж тайлбарласан. Гэтэл анхны төсөлд огт байхгүй, иргэдийн эрхийг насан туршид нь хязгаарлах саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчин баталсан нь УИХ-ын Тамгын газар яаж шийдвэрлэх вэ гэсэн асуултыг үлдээж байна.
Таван жилийн дараа 21 нас хүрэх залуусын хууль ёсны сонголт хийх эрхийг ямар ч судалгаагүйгээр хаасан энэхүү заалт амьдрал дээр хэрхэн хэрэгжих нь эргэлзээтэй хэвээр байна.