Цаг хугацааны аялал: “Соёл-Эрдэнэ” хамтлаг 55 жилийн ойгоо Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ч.Насантогтох

Нийслэл Улаанбаатар хотын зуны хамгийн том соёлын арга хэмжээнүүдийн нэг болох “Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт хөшгөө нээх гэж байна. Энэ жилийн наадмын хамгийн онцлох, сэтгэл догдлуулсан мөч нь зургаадугаар сарын 28-ны оройн 20:00 цагт Сүхбаатарын талбайд болох хаалтын арга хэмжээ юм. Учир нь тус хаалтын тоглолт Монголын эстрад, рок попын ууган хамтлаг болох “Соёл-Эрдэнэ”-ийн түүхт 55 жилийн ойн хүндэтгэлийн концерттой хамт зохион байгуулагдахаар болжээ.

МУГЖ Ч.Насантогтох: “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно. “Соёл-Эрдэнэ” бол бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн хамтлаг юм. Хамтлаг маань анх яаж эгшиглэж байсан, яг тэр хөгжмийн анхны найруулгаараа тоглож, үзэгчдээ цаг хугацаагаар аялуулах болно. Бэлтгэл сургуулилалт бүрэн хангагдсан тул нийслэлчүүдээ өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.”

Монголын рок попын “Дээд сургууль”

Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад рок поп хөгжмийн үндэс суурийг тавилцаж, хамтлагийг үүсгэн байгуулж байсан МУУГЗ Б.Наранбаатар энэ үйл явдлыг дүгнэхдээ “Соёл-Эрдэнэ” чуулгыг Монголын рок поп урлагийн дээд сургууль хэмээн онцолсон юм. Тус чуулгаас “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг үе үеийн сод хамтлагууд, дуучид төрөн гарсан түүхтэй. Түүнчлэн тэд хагас зууны хугацаанд Монголынхоо дуу хуурыг дэлхийн өнцөг булан бүрд түгээн сурталчилж иржээ.

Тайзнаа цуглах амьд домгууд ба залуу үеийн одод

Энэхүү түүхэн ойн тоглолтод Монголын хөгжмийн ертөнцийг тодорхойлогч үе үеийн сор болсон уран бүтээлчид нэгдэн, Сүхбаатарын талбайг дуу хуураар мялаахаар бэлтгэжээ. Тоглолтод оролцох нэгдсэн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

  • Рок попын амьд домгууд: Б.Наранбаатар, Д.Цэрэнбат, Д.Жаргалсайхан, Г.Жаргалсайхан, Ч.Насантогтох, Б.Батчулуун, Я.Одсүрэн, Х.Лхагвасүрэн, С.Бархас нар.
  • Шилдэг дуучид, хөгжимчид: С.Наран, Ж.Алтанцэцэг, Ч.Мөнх-Эрдэнэ (ятгачин), Д.Өлзий-Орших (гитарчин), Б.Нарангэрэл, Х.Тунгалагтамир.
  • Шинэ цагийн авьяаслаг төлөөлөл: Б.Хонгор, Б.Баярцэцэг, Наагий (Н.Наранбаатар), Наки (Б.Нацагдорж), Б.Оюу, Г.Тэнүүн, Б.Анужин нар.

Ард түмний сэтгэлд хоногшсон хуучны нандин аялгуудыг анхны хөгжмийн найруулгаар нь дахин сонсож, нэгэн үдшийг халуун дурсамжаар дүүрэн өнгөрүүлэх ховорхон боломж ийнхүү тохиож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй