“Physical Asia”-гийн одууд монгол хүлэг сойно: “Танил уяач” реалити шоу үзэгчдэд хүрнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Танил уяач

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй “Дэлхийн адууны өдөр”-ийг (долоодугаар сарын 11-13) угтан цахим спорт болон энтертайнмент ертөнцийг доргиох нэгэн шинэ реалити шоу бэлэн болжээ. “MGL Media Group”-ийн санаачилсан “Танил уяач” реалити шоу нь монголчуудын хурдан морины өв соёл, уяач хүний нарийн ухааныг орчин үеийн энтертайнмент хэлбэрт оруулж, дэлхийн тавцанд сурталчлах зорилготой юм.

Зургаадугаар сараас эхлэн зураг авалт нь эхэлсэн тус шоуны гол гэнэтийн бэлэг нь олон улсын “Physical Asia” төслийн гадаад 7 оролцогч Монголд ирж, манай урлагийн танил эрхмүүдтэй хамтран морь уяж, сойж уралдуулах ээдрээтэй бөгөөд сонирхолтой явдал юм.

Шоуны үнэт зүйл:

“Танил уяач” төсөл нь зөвхөн уралдаан тэмцээнийг харуулаад зогсохгүй монгол малчны өдөр тутмын хүнд хөдөлмөр, хөдөө ахуй, хүн ба адууны нандин холбоо, үндэсний бахархлыг гадаад, дотоодын үзэгчдэд нэгэн зэрэг мэдрүүлэхийг зорьжээ.

Нэвтрүүлгийн баг бүрэлдэхүүн ба бүтэц

Энэхүү томоохон хэмжээний төслийн ард “Хүлгийн төвөргөөн энтертайнмент” болон “Морьтон Монгол Залуус” ТББ-ын чадварлаг уран бүтээлчид ажиллаж байна. Нэвтрүүлгийн бүтэц, зохион байгуулалтыг багцалбал:

  • Нийт дугаар: Хүч чадал, ухаан уралдуулсан нийт 8 сонирхолтой дугаар цацагдана.
  • Удирдах бүрэлдэхүүн: Ерөнхий продюсер Э.Батхүү, продюсер МУГЖ Д.Отгонбаяр, координатор Б.Наранбадрах.
  • Найруулга, зураг авалт: Найруулагч, редактороор Ц.Дуня ажиллаж, зураглаач Э.Хүүхэнхүү, М.Ганбаяр, Ч.Дарханбаяр, А.Хурцбаатар нар говийн болон хангайн байгалийг дуранд буулгажээ.
  • Шоуны хөтлөгчид: Үзэгчдийг уйдаахгүй хөтлөх үүргийг Ц.Дуня, Б.Наранбадрах, М.Батчулуун нар хүлээсэн байна.

Соёл түгээхээр дөрөөвөлсөн Монголын урлагийн “уяачид”

Гадаадын зочидтой хамтран, тэдэнд морь уях арга ухааныг зааж, соёл харилцааны гүүр болох Монголын урлаг соёлын нэрт зүтгэлтнүүдийг доорх хүснэгтээс харна уу.

Уран бүтээлч / ТамирчинЦол, хүндэтгэлТөрсөн нутаг, ус
Лодойн БанзрагчМУГЖУвс аймаг, Тэс сум
Эрдэнэсүрэнгийн ТөрмандахМУСТА, Аймгийн Алдартай УяачДундговь аймаг, Дэлгэрхангай сум
Алтангэрэлийн ХосбаярMУСТА, Сумын Алдартай УяачТөв аймаг, Бүрэн сум
Норовцэмбэлийн МөнгөншагайМУСТАТөв аймаг, Алтанбулаг сум
Батсайханы БуянжаргалМУСТАТөв аймаг, Сүмбэр сум
Лувсаннямын СүхбаатарМУСТАЗавхан аймаг, Эрдэнэхайрхан сум
Дашноровын Эрдэнэ-ОчирМУСТАТөв аймаг, Бүрэн сум
Эрдэнээгийн ДашнямМУСТАТөв аймаг, Алтанбулаг сум

Олон улсын хэмжээний том төслийн одууд болон Монголын сор болсон дуучид, уран бүтээлчдийн энэхүү гэнэтийн хамтрал хэрхэн өрнөх, тэдний сойсон хүлгүүд торгон жолоогоо хэрхэн өргүүлэхийг харах л үлдлээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй