Зураач, СТА Цагааны Сүхээ таалал төгсөж, Монголын дүрслэх урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо

0 comments
Зураач Цагааны Сүхээ таалал төгслөө

“Алтан гадас” одонт, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Соёлын тэргүүний ажилтан, уран бүтээлч Цагааны Сүхээ 2026 оны наймдугаар сарын 17-ны өдөр таалал төгслөө. Түүний таалал төгссөн явдал нь Монголын дүрслэх урлагийн салбарт тохиосон нөхөж баршгүй гарз болоод байна.

Боловсрол ба ажилласан замнал

Ц.Сүхээ зураач 1953 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1972 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангийг төгссөн байна. Тэрбээр 1973–1977 онд Монголын урчуудын эвлэлийн Улаанбаатар хотын салбарт зураачаар ажиллаж байгаад, 1977–1984 онд ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академид В.М.Орешниковын урланд суралцаж мэргэжлийн өндөр боловсрол эзэмшжээ.

Эх орондоо эргэн ирээд 1984–1990 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд дүрслэх урлагийн арга зүйч, багшаар ажилласан юм. Мөн 1990-ээд оноос Монголын ардын армийн музей, Монголын үндэсний түүхийн музейд зураач, Үйлдвэрлэл, урлагийн дээд сургуульд багшаар ажиллаж байгаад 1998–2013 онд АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байв.

Зураач Цагааны Сүхээ таалал төгслөө
Зураач, СТА Цагааны Сүхээ таалал төгсөж, Монголын дүрслэх урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо

Уран бүтээл ба бие даасан үзэсгэлэнгүүд

Зураач Ц.Сүхээ 1973 оноос эхлэн дотоод, гадаадын олон үзэсгэлэнд оролцож, бүтээлээ туурвиж иржээ. Тэрбээр 2007 онд Мексикийн Мехико хотноо зохион байгуулагдсан “Олон улсын усан будгийн VII биенналь”, 2008 онд БНХАУ-д болсон “Бээжин-2008” биеннальд тус тус идэвхтэй оролцсон байна.

  • 2014 онд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Цагааны Сүхээ”,
  • 2022 онд “Сапар контемпорари галерей”-д “Дөрвөн арван”,
  • 2024 онд “Бий” контемпорари арт галерейд “Миний өдрийн тэмдэглэлүүд”,
  • 2025 онд АНУ-ын Элчин сайдын яамны байранд “My Notes”.

Монголын дүрслэх урлагт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, уран сайхны хэлээрээ тод мөрөө үлдээсэн түүний бүтээлүүд Уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдан үлдэх юм. Таалал төгсөгчийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олон, бийр нэгт нөхөд болон шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй