НАТО-гийн уулзалтын дараах Ли Жэ Мёны айлчлал Улаанбаатарт эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ли Жэ Мёны Монгол дахь төрийн айлчлал эхэллээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Турк улсад болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Түүний айлчлалын хүрээнд Монгол, БНСУ-ын улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал голчлон яригдах төлөвтэй байна.

Ли Жэ Мён НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр батлан хамгаалах салбарын түншлэлээ гүнзгийрүүлэх асуудлаар хэд хэдэн уулзалт хийжээ. Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзаж, тус эвсэлтэй суурь худалдан авалтын хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон байна.

Албаныхны тайлбарласнаар, уг хэлэлцээр хэрэгжвэл БНСУ-ын батлан хамгаалах салбарын компаниуд НАТО-гийн хамтарсан худалдан авалтын зах зээлд оролцох институцийн суурь бүрдэх юм. Энэ нь Солонгосын батлан хамгаалах үйлдвэрлэлийн олон улсын оролцоог нэмэгдүүлэх нэг алхам гэж үзэж байна.

НАТО-гийн уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудлууд:

  • НАТО-той суурь худалдан авалтын хэлэлцээр байгуулах хэлэлцээг эхлүүлэх;
  • батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх;
  • хамтарсан судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн түншлэлийг нэмэгдүүлэх;
  • аюулгүй байдал болон олон улсын хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын уулзалтууд хийх.
Ли Жэ Мёны Монгол дахь төрийн айлчлал эхэллээ

Ли Жэ Мён мөн НАТО-гийн Батлан хамгаалахын аж үйлдвэрийн форумд үндсэн илтгэл тавьсан байна. Тэрбээр БНСУ болон НАТО-гийн хамтын ажиллагааг зөвхөн зэвсгийн худалдаагаар хязгаарлахгүй, хамтарсан судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, ашиглалтын түвшинд хүргэх “Батлан хамгаалахын аж үйлдвэрийн түншлэл 2.0” санаачилгыг дэвшүүлжээ.

Дээд хэмжээний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стөре, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтаар аюулгүй байдал, батлан хамгаалах хамтын ажиллагаа болон олон улсын нөхцөл байдлын талаар санал солилцжээ.

Ийнхүү хоёр өдрийн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаа өндөрлүүлсний дараа Ли Жэ Мён Улаанбаатар хотод ирлээ. Монгол Улсад хийх төрийн айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааны шинэ “алтан үе”-ийг эхлүүлэх асуудлыг хэлэлцэх юм.

Хэлэлцээний үеэр газрын ховор элемент, нийлүүлэлтийн сүлжээ, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа гол сэдвийн нэг байх төлөвтэй байна. БНСУ-ын хувьд түүхий эдийн тогтвортой нийлүүлэлт, стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг чухалчилж буй бол Монгол Улс гуравдагч хөршийн эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг төв талбайд албан ёсоор угтаж байна. Уг ёслолоор БНСУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх төрийн айлчлал албан ёсоор эхэлж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй