ОХУ цэргүүдийнхээ сэтгэл санааг дэмжих зорилгоор 14-р зууны үед Алтан ордын монголчуудын эсрэг байлдаж байсан Их ван Дмитрий Донскойн илд барьдаг байсан гарын ясны хэлтэрхийг Украины дайны фронт руу илгээлээ. 1380 оны Куликовын байлдаанд ялалт байгуулж байсан түүний шарилыг энэ жил Кремль дэх Москвагийн Архангелийн сүмд сэргээн засварлах ажил хийх үеэр олон нийтэд илрүүлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг олдворыг улсынх нь түүхэн суурийг бэхжүүлсэн өвөрмөц, гайхалтай нээлт гэж тодорхойлж байв. ОХУ-ын Үнэн алдартны сүмийн Москвагийн патриархатаас Орос цэргүүдтэй мөр зэрэгцэн, үл үзэгдэх байдлаар хажууд нь зогсохыг бэлгэдэж түүний шарилыг Донецк руу илгээсэн хэмээн мэдэгджээ. 1988 онд ОХУ-ын Үнэн алдартны сүм Дмитрий Донскойг гэгээнтнээр өргөмжилж байсан түүхтэй.
Сүмийн удирдлагуудад чиглэсэн шүүмжлэл
Харин шүүмжлэгчдийн зүгээс ОХУ-ын Үнэн алдартны сүмийг Кремлийн таалалд нийцүүлэхийн тулд шашны дэг жаягийг зөрчсөн гэж буруутгах болсон байна. Гадаадад амьдардаг Үнэн алдартны сүмийн номлогч, түүхч Александр Занемонец дайн тав дахь жилдээ үргэлжилж байгаа энэ үед Москва дахь сүмийн удирдлагууд цэргийн ажиллагааг дэмжих өөр ямар арга байна хэмээн мухардаж буйн илрэл гэж тайлбарлажээ.
