Ерөнхий сайдын захирамжаар нийслэлд хэрэгжиж буй 24 мега төслийн санхүүжилт, гүйцэтгэлд хяналт шалгалт хийх АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэхүү шалгалтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан Л.Хосбаярын гэр болон ажлын байранд АТГ-аас нэгжлэг хийн, шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.
Шалгалтын үндэслэл ба хуулийн зүйл анги
Хууль хяналтын байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зүйл ангиар холбогдуулан шалгаж байна. Тус зүйл ангид нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдвол нийтийн албанд ажиллах эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасаж, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай юм.
