ОХУ дотоодын зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс тийрэлтэт онгоцны түлшний гадаад экспортоо түр зогсоох шийдвэр гаргаснаа даваа гарагт албан ёсоор зарлалаа. Засгийн газраас баталсан уг хязгаарлалт нь энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд дотооддоо шатахууны нийлүүлэлтийг найдвартай хангахад чиглэсэн байна. Оросын бизнесийн мэдээллийн томоохон суваг болох RBC агентлагийн тэмдэглэснээр, тус улсын түүхэнд онгоцны түлшний экспортод ийм төрлийн хориг анх удаагаа тавигдаж буй тохиолдол болж байгаа аж.
Сүүлийн саруудад үүсээд буй нөхцөл байдал нь уг шийдвэрийг гаргахад гол түлхэц болсон гэж албаныхан тайлбарлаж байна. Украины зүгээс Оросын нутаг дэвсгэр дэх газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэрүүд рүү пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр цохилт өгсний улмаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож, түлшний гарц буурчээ. Үүний уршгаар зарим бүс нутагт шатахууны хангамж тасалдах, хомсдол үүсэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн байна.
Засгийн газраас баталсан шинэ журамд экспортын урсгалыг бүхэлд нь хаагаагүй бөгөөд тодорхой онцгой нөхцөлийг тусгасан байна. Үүнд:
- Оростой засгийн газар хоорондын идэвхтэй гэрээ хэлэлцээртэй улс орнуудад хийх нийлүүлэлтийг хоригт хамруулахгүй байхаар заажээ.
Хориг арга хэмжээ авсан хэдий ч тус улсын холбогдох яамнаас нөхцөл байдал тогтвортой байгааг илэрхийлэв. ОХУ-ын Тээврийн сайд Андрей Никитин сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө үүссэн нөхцөл байдалд тайлбар хийсэн юм. Тэрбээр “улсын хэмжээнд онгоцны түлшний хомсдол үүсээгүй бөгөөд уг шийдвэрийг үндэсний агаарын тээврийн компаниудын ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гаргасан” гэж мэдэгджээ.