Үнийн өсөлтийн эсрэг авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан нөөцийн махны өргөтгөсөн худалдааны эхний өдөр амжилттай өндөрлөлөө. Өчигдөр буюу 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр төвийн зургаан дүүргийг хамарсан тусгай цэгүүдээр иргэдэд үйлчилж, нийтдээ 14.6 гаруй тонн махыг зах зээлд нийлүүлсэн байна. Тээвэрлэлтийн бүхий л шатанд эрүүл ахуйн стандарт, хүнсний аюулгүй байдлыг чанд мөрдөн ажилласан бөгөөд агуулахаас гарсан машин бүрийг лацдан, борлуулалтын цэгүүдэд хүргэж, иргэдэд И-баримт хэвлэн олгожээ.
Өргөтгөсөн худалдааны явцад аж ахуйн нэгжүүдийн нийлүүлэлт өөр өөр байршилд идэвхтэй өрнөсөн байна. Бэлтгэн нийлүүлэгчдийн тогтоосон байршлуудад борлуулсан махны нарийвчилсан статистик мэдээллийг багцалбал:
- “Багануур Max Маркет” ХХК болон “Чойбалсан Групп” ХХК хамтран Хангай хотхон, Байгаль эх цогцолбор, Алтжин бөмбөгөр, Жуковын талбайн цэгүүдэд 2471.75 кг хонины мах, 5603.05 кг үхрийн мах буюу нийт 8074.8 кг;
- “Агро нэгтгэл трейд” ХХК Төв цэнгэлдэх хүрээлэн болон Цамбагарав үйлчилгээний төвд 3047 кг хонь, 3537 кг үхрийн мах буюу нийт 6584 кг;
- Нийлбэр дүнгээр нийслэлийн хэмжээнд эхний өдөр 5518.75 кг хонины мах, 9140.05 кг үхрийн мах буюу иргэдийн гарт нийт 14658.8 кг нөөцийн мах очсон байна.
Өнөөдөр буюу 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр өргөтгөсөн худалдаа дээрх зургаан байршилд 10:00-18:00 цагийн хооронд үргэлжлэн явагдаж байна. Үүнээс гадна иргэдийн худалдан авалтыг хөнгөвчлөх үүднээс “Номин”, “Миний дэлгүүр”, “М Март” сүлжээний 81 салбар, мөн Сансар болон Carrefour сүлжээ дэлгүүрүүдийн тус бүр 2 салбар гээд нийт 85 цэгээр нөөцийн махыг худалдаалж эхэллээ. Борлуулалтын үнийн хувьд анхны гэрээний тарифыг хатуу баримталж байгаа бөгөөд нэг килограмм үхрийн махыг 15,000 төгрөг, хонины махыг 13,000 төгрөгөөр тус тус тогтвортой нийлүүлж байна.