ОУХМ Э.Дэлгэрмаа “Улаанбаатар опен” олон улсын тэмцээний хошой аварга боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Дэлгэрмаа

Дэлхийн чансааны оноо олгох өндөр ач холбогдолтой “Улаанбаатар опен-2026” чөлөөт бөхийн олон улсын тэмцээний эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанууд тун сонирхолтой өрнөж өндөрлөлөө. Тус жингийн алтан медалийн төлөөх шигшээ барилдаанд 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Улаанбаатар опен-2025” тэмцээний аварга, Монгол Улсын ОУХМ Э.Дэлгэрмаа болон ОХУ-ын залуу тамирчин, U23 ангиллын дэлхийн аварга Елизавета Петлиакова нар тунан үлдэж, хүч үзсэн юм. Хоёр шилдэг бөхийн ширүүн тулаанд манай тамирчин тактикийн болон техникийн давуу байдлаа илүүтэй гаргаж, өрсөлдөгчөө 8:2-оор илүүрхэн ялт авлаа.

Түүхэн амжилт ба багийн анхны алт

Энэхүү бахдам ялалтаараа ОУХМ Э.Дэлгэрмаа тус тэмцээнд хоёр жил дараалан түрүүлсэн ховорхон амжилтын эзэн болж, “Улаанбаатар опен”-ий хошой аваргын титмийг эх орондоо үлдээв. Түүнчлэн түүний байгуулсан эл гавьяа нь энэ удаагийн олон улсын тэмцээнд оролцож буй Монголын баг тамирчдын анхны алтан медаль болон бүртгэгдсэнээрээ онцлог байлаа. Жингийнхээ босоо бөх гэдгээ дахин баталсан тэрбээр ийнхүү чансааны оноогоо амжилттай ахиулж чадсан юм.

 ОУХМ Э.Дэлгэрмаа "Улаанбаатар опен"-д дахин түрүүллээ

Мөнгө болон хүрэл медалийн эзэд

Шигшээ барилдаанд манай тамирчинд дийлдсэн Оросын бөх Елизавета Петлиаковагийн хувьд, 2026 он гарснаас хойших олон улсын чанартай тэмцээнүүдээс анхны медалиа ийнхүү Улаанбаатарын дэвжээнээс гардлаа. Тэгвэл тус жингийн хүрэл медалийн тавцанд Европын тивийн аварга, Турк улсын бөх Несрин Бас болон 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Румыний шилдэг тамирчин Катерина Зелених нар зогсохоор шалгарсан байна. Тэмцээний 68 кг-ын жингийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт Э.Дэлгэрмаа, хоёрдугаар байрт Елизавета Петлякова орсон бол гуравдугаар байрыг Катерина Зелених, Несрин Бас нар хуваан хүртжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй