Өвөлжилтийн бэлтгэлд цэргийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр оролцуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
цэргүүд

Ерөнхий сайд Н.Учрал аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өвөлжилтийн бэлтгэлийг тэргүүлэх зорилтын түвшинд авч үзэж, долоо хоног бүр гүйцэтгэлийн хяналт тавин ажиллахыг үүрэг болголоо. Тэрээр өвөлжилтөд бэлтгэх ажил нь зөвхөн нэг салбарын асуудал бус, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, орон нутгийн зохион байгуулалт шаардсан өргөн хүрээний ажил гэдгийг онцолсон байна.

Н.Учрал энэ талаар “Өвөлжилтийн бэлтгэл гэдэг бол олон салбарын харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан үндэсний хэмжээний ажил юм” гэжээ. Засгийн газраас мэдээлснээр, өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд аймаг, нийслэлийн удирдлагуудад найман чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн байна.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг, даалгаварт дараах асуудлууд багтжээ:

  • Ургац хураалтад сайн дураар цэргийн алба хаагчдын ажиллуулж, цалинг тогтоох. Шатахуун, түлшээр таслахгүй байх.
  • Өвс тэжээлийн нөөцийг улсын хэмжээнд хангах, нөөцийн махны хэмжээг эцэслэн тогтоож, бэлтгэх
  • Малчдыг тусгай хамгаалалттай бүсэд оторлох асуудлыг хамтран зөвшилцөх. Эмнэлгийн тусламж таслахгүй байх
  • Малын вакцинжуулалтыг анхаарч, халдваргүйжүүлэх ажлыг дуусгах
  • Улс даяар өвөлжилтийн эрсдэлээ үнэлж, түлш, эрчим хүч, хүнс, эм, шатахуун, өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлэх
  • ДЦС, зуухнуудын засварыг 09.01-нд дуусгаж, арван аймагт ДЦС барих ажлыг эрчимжүүлэх
  • Гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангаж ажиллах
  • Цаснаар зам хаагдахаас сэргийлж, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах

Эдгээрээс ургац хураалтад цэргийн алба хаагчдыг сайн дурын үндсэн дээр ажиллуулах, тэдэнд олгох цалинг тогтоох асуудал анхаарал татаж байна. Мөн түлш, шатахууны тасалдал үүсгэхгүй байх, өвс тэжээл, хүнс, эм, эрчим хүчний нөөцийг улсын хэмжээнд бүрдүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгажээ.

Өвөлжилтийн үед малчдын отор нүүдэл, тусгай хамгаалалттай бүсэд оторлох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран зөвшилцөх шаардлагатай гэж үзсэн байна. Үүний зэрэгцээ малын вакцинжуулалт, халдваргүйжүүлэлтийн ажлыг дуусгах, эмнэлгийн тусламж үйлчилгээг тасалдуулахгүй байхыг үүрэг болгосон юм.

Эрчим хүчний салбарын бэлтгэлд мөн онцгой анхаарахыг даалгажээ. ДЦС, зуухнуудын засварыг 09.01-нд дуусгаж, арван аймагт ДЦС барих ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын өрхүүдийг сайжруулсан түлш болон хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангах чиглэл өгсөн байна.

Мөн цас их орсон үед зам, даваа хаагдахаас урьдчилан сэргийлж, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг үүрэг болголоо. Аймаг, нийслэлийн түвшинд өвөлжилтийн бэлтгэл хангах Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтэд Шадар сайд Н.Номтойбаяр хяналт тавих юм.

Засгийн газраас мэдээлснээр, Шадар сайд Н.Номтойбаяр бэлтгэл ажлыг өөрөө биечлэн очиж шалгана. Ингэснээр есдүгээр сарын 15-наас өмнө өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулж ажиллахаар төлөвлөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй