“Playtime Festival 2026”: Наадмын оргил үеийг үзэх нэг өдрийн тасалбарыг борлуулж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Playtime festival 2026

Зуны хамгийн том хөгжмийн баяр болох “Playtime Festival 2026” наадмын хаалтын өдрийн тусгай тасалбар үзэгчдийн гарт хүрэхэд бэлэн боллоо. Тодруулбал, долдугаар сарын 4-ний бямба гарагт зохиогдох наадмын оргил хөтөлбөрийг алгасахгүй үзэх хүсэлтэй залууст зориулж “Last Day Ticket” буюу нэг өдрийн тасалбарыг зохион байгуулагчид албан ёсоор худалдаалж эхэлсэн байна. Энэхүү алхам нь бүтэн гурван өдрийн турш оролцох боломжгүй ч төгсгөлийн дурсамжтай үдшийг хуваалцахыг хүссэн үзэгчдийн санал хүсэлтэд үндэслэн, одоо борлуулагдаж буй 2 болон 3 өдрийн тасалбарууд дээр нэмж гаргасан шинэ сонголт юм.

Дэлхийн оддоор амьсгалах хаалтын өдрийн хөтөлбөр

Наадмын хамгийн сүүлчийн өдөр нь хөгжмийн олон төрөл урсгал, өргөн цар хүрээг хамарсан онцгой хөтөлбөрөөр үзэгчдийг байлдан дагуулахаар бэлтгэгджээ. Энэ өдрийн гол тайзыг Франц–Британийн домогт “Stereolab” хамтлаг болон Өмнөд Солонгосын инди хөгжмийн хамгийн нөлөө бүхий төлөөлөл болох алдарт “HYUKOH” нар тэргүүлэн сонор мялаах юм. Түүнчлэн электроник хөгжмийн хэмнэлийг Helena Hauff, DJ Stingray 313, Identified Patient зэрэг дэлхийн шилдэг артистууд тодорхойлж, наадмын талбайн эрч хүчийг дээд цэгт нь хүргэхээр хүлээж байна.

Үүнээс гадна рок, жазз, электрон болон альтернатив урсгалаар уран бүтээлээ туурвидаг дотоод, гадаадын шилдэг төлөөллүүд нэг дор цуглах аж. Зөвхөн хаалтын өдрийн хөтөлбөрт л гэхэд олон улсын болон Монголын хөгжмийн тайзнаа хэдийнэ өөрийн гэсэн байр сууриа олсон 40 гаруй уран бүтээлч, хамтлаг оролцож, хөгжмийн төдийгүй соёлын сонирхолтой хөтөлбөрүүдийг толилуулахаар зэхэж байна.

Playtime Festival 2026

24 дэх жилийн түүхэн өөрчлөлт ба продакшны шийдэл

Өдгөө 24 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Playtime Festival” нь энэ жил түүхэндээ хамгийн өндөр өртөгтэй бөгөөд чансаатай уран бүтээлчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж байгаагаараа онцлог юм. Наадмын тайз засалт, визуал продакшны хувьд ч дэлхийн стандартыг авчирч байна. Түүнчлэн Тайландын алдартай “Big Mountain” болон “Wonderfruit” наадмын тайзыг амилуулсан олон улсын баг хамт олон, дэлхийн хэмжээний хөгжмийн мэргэжилтнүүд энэ жилийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж байгаа нь хамгийн том ялгарал болж байна.

Наадмын зохион байгуулалтын үндсэн мэдээлэл болон оролцох артистуудын багцыг доорх баримтаас харах боломжтой:

  • Наадмын хугацаа: 2026 оны долдугаар сарын 2-ноос 4-ний өдрүүдэд “Playtime” хүрээлэнд уламжлал ёсоор явагдана.
  • Цар хүрээ: Нийт 17 улсын төлөөлөл болсон олон улсын болон дотоодын 124 артист хөгжмийн баярт нэгджээ.
  • Артистуудын оролцоо: Сүүлийн өдрийн тайзнаа “The Lemons”, “HONH”, Enji, Lord Spikeheart, One Click Straight, “Fat Cat” Jazz Club, “Silhouette Tuesday”, JPBS, IWKC зэрэг уран бүтээлчид рок, жазз, электрон, альтернатив, экспериментал урсгалыг нэгтгэн тоглоно.
  • Тасалбар худалдан авах: Үзэгчид наадмын албан ёсны вэбсайт болох www.playtimefestival.com болон албан ёсны тасалбар борлуулагч Shoppy.mn платформоор дамжуулан тасалбараа баталгаажуулах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй