Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан орон сууцны залилан болон цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.
Орон сууцны залилангийн хохирлыг барагдуулна
Иргэдийн хохирлыг барагдуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан тусгай ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь дуусгаж амжаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулж, хуулийн дагуу улсын орлого болгон төвлөрүүлсний үндсэн дээр бий болсон хөрөнгөөр иргэдийн хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 39.665 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1.167 нь буюу 2.9 хувийг орон сууцны захиалгатай холбоотой залилан эзэлж байна. Шүүх болон хууль хяналтын байгууллагын статистик тоо баримтаас дурдвал дараах хохирлын хэмжээ байна.
- 2026 оны байдлаар орон сууцны залиланд 995 иргэн өртөж, нийт 64.5 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна.
- 2024 оноос хойш нийт 122.6 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэнээс одоогоор 78 тэрбум төгрөгийг нь барагдуулжээ.
Үлдсэн хохирлыг нөхөн төлүүлэх процесс удаашралтай байгаа тул хууль, хяналтын байгууллагын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон юм.
Цахим орчны хуурамч хаягууд ба аюулгүй байдал
Үүний зэрэгцээ цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг эрс нэмэгдэж байгаад анхаарал хандуулах шаардлага үүсээд байна. Тухайлбал, 2025 оны эхний зургаан сард найман мянга орчим цахим гэмт хэрэг гарч байсан бол 2026 оны мөн хугацаанд нийт гэмт хэргийн 34.4 хувь буюу есөн мянга гаруй хэрэг цахим орчинд үйлдэгджээ.
Иймээс цахим орчин дахь зохион байгуулалттай гэмт хэрэг, хуурамч хаягуудыг илрүүлэх ажлын хэсгийг хууль хяналт болон харилцаа холбооны салбарынхан хамтран байгуулсан байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Монгол дахь 2.7 сая орчим фэйсбүүк хаягийн 400 мянга нь төлбөртэй, хуурамч хаяг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хаяг худал мэдээлэл тарааж, иргэдийг талцуулан, нийгмийн итгэлцэл, үндэсний эв нэгдэл, цаашлаад үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Ийм хаягийн ард байгаа этгээдүүд нуугдах газаргүй болгож, бүгдийг нь илрүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” хэмээн мэдэгдлээ.