УЛААНБААТАР — Монголын орчин үеийн соёлд нэгэн сонирхолтой үйл явдал болж, эх орноо дэлхийд таниулж буй шилдэг хоёр төлөөлөл хамтарлаа. Дэлхийд данстай рок хамтлаг The HU болон цахим спортын шилдэг баг The MongolZ нар YouTube платформ дээр тусгай хоолны нэвтрүүлэгт хамтран оролцлоо.
“THE HU X THE MONGOLZ IN THE KITCHEN” нэртэй 35 минутын бичлэг The HU хамтлагийн албан ёсны YouTube суваг дээр байршжээ. Хөгжмийн зэмсэг, тоглоомын төхөөрөмжөө хормогч болон гал тогооны хэрэгслээр сольсон тэд амттай хоол бэлтгэж, хөгжилтэй яриа дэлгэн, монгол соёл заншлаа хамтдаа тэмдэглэсэн байна.
Тэд салбар салбартаа Монгол улсын нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж яваа билээ. The HU хамтлаг нь өвөрмөц “Хүннү рок” урсгалаараа хөөмий болон үндэсний хөгжмийн зэмсгийг хүнд рок хөгжимтэй хослуулан дэлхийн сая сая сонсогчдыг байлдан дагуулж байна. Харин The MongolZ баг нь Counter-Strike 2 (CS2)-ын дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд бүс нутгаа амжилттай төлөөлөн, дэлхийн шилдэг багуудтай ана мана өрсөлдөж буй цахим спортын шилдэг баг юм.
Энэхүү сонирхолтой хамтын ажиллагаа нь шүтэн бишрэгчдэд тэдний тайз болон тоглоомын талбараас гадуурх эгэл зан чанарыг харах ховор боломжийг олгож байна. Хүнд рок болон цахим спорт гэсэн тэс өөр салбаруудыг нэгтгэсэн энэхүү нэвтрүүлэг нь Монголын орчин үеийн соёлын түүчээдийн хоорондын бие биеэ хүндэтгэх нөхөрлөлийг тод харуулжээ.
Хөгжим болон цахим спорт сонирхогчид хоёр багийн хоол хийсэн бичлэгийг дараах холбоосоор орж үзэх боломжтой: https://www.youtube.com/watch?v=J9BTwXU2aRo