Table of Contents
АНУ-ын Флорида мужийн Майами-Дэйд тойрогт амьдардаг жүжигчин, загвар өмсөгч Саруултуяагийн Хүслэнг “Uber Eats”-ийн хүргэлтийн жолоочийг буудаж, амь насыг нь хөнөөхийг завдсан гэх хэрэгт баривчилжээ.
Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, түүний гэрт нэгжлэг хийх үеэр хэд хэдэн төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, 11 мянга гаруй ам.долларын бэлэн мөнгө илэрсэн байна.
Хүргэлтийн жолооч руу буудсан гэж цагдаагийн тайланд дурджээ
Хэрэг аравдугаар сарын 12-ны үүрээр гарсан байна. Цагдаагийн мэдээлснээр, “Uber Eats”-ийн жолооч хоол хүргэх үеэрээ нэгэн эмэгтэйтэй ярилцаж, дараа нь утасны дугаарыг нь авах зорилгоор тухайн газарт эргэн иржээ.
Энэ үед эмэгтэйн найз залуу гэх 33 настай С.Хүслэн жолооч руу буу тулган газар хэвтэхийг шаардсан гэж мөрдөн шалгах баримтад дурдсан байна. Улмаар буудахад сум жолоочийн өгзөгний баруун хэсгийг шүргэж, мөн гар бууныхаа бөгсөөр толгойн ар хэсэгт нь цохисон гэх мэдээлэл байна.
Хохирогч хэргийн газраас зугтаж, эмнэлгийн тусламж авчээ.
Гэрээс нь хэд хэдэн төрлийн бодис илэрсэн гэж мэдээлэв
Цагдаагийнхан С.Хүслэнг баривчилсны дараа гэрт нь нэгжлэг хийхэд кокаин, MDMA, кетамин, марихуан, псилоцибин агуулсан мөөг болон жороор олгодог эмүүд илрүүлсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн мансууруулах бодис хэмжих, савлахад ашиглаж байсан байж болзошгүй өрөө илэрсэн байна. Эдгээртэй холбоотой асуудлыг тусад нь шалгаж байгаа аж.
С.Хүслэнг хүний амь хөнөөхийг завдсан, аюултай зэвсэг ашигласан болон мансууруулах бодистой холбоотой хэд хэдэн үндэслэлээр шалгаж байна. Шүүх түүнийг барьцаагаар суллах хүсэлтийг зөвшөөрөөгүй тул цагдан хорьжээ.
Монголд кинонд тоглож байжээ
С.Хүслэн Дархан-Уул аймагт төрж, найман настайдаа АНУ-д очсон бөгөөд тус улсад загварын чиглэлээр ажиллаж ирсэн байна. Мөн 2020 онд үзэгчдэд хүрсэн “Single Ladies-4: Төгсгөл ба эхлэл” уран сайхны киноны гол дүрд тоглож байжээ.
Түүнд холбогдох хэргүүд мөрдөн шалгах шатандаа байгаа бөгөөд гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.
