CS2 төрлийн “BC.Game” баг бүрэлдэхүүнээ шинэчлэх ажлаа үргэлжлүүлж, туршлагатай тоглогчоор эгнээгээ тэллээ. Тус баг зургаадугаар сарын 24-нд Азбаяр “Senzu” Мөнхболдыг худалдан авч, багтаа нэгтгэснээ зарласан бол энэ удаа Данийн Эмиль “Magisk” Рейфийг элсүүлсэн байна.
Magisk нь CS-ийн дэлхийн тавцанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тоглогчдын нэгээр тооцогддог. Тэрээр Astralis, Vitality, Falcons зэрэг багт тоглож байсан бөгөөд хагас жил сэлгээнд байсны дараа “BC.Game”-ийн үндсэн бүрэлдэхүүнд эргэн ирж байна.
“BC.Game” баг түүнийг танилцуулахдаа “CS төрлийн хамгийн агуу тамирчны нэг. Мажор тэмцээний тасралтгүй цуврал, 4 том цом, одоо тэр манай багт байна. Манай шинэ багийн анхны тэмцээнийг тэр удирдах болно. Тавтай морил, манай шинэ IGL” гэжээ.
Ингэснээр Magisk “BC.Game” багийн шинэ IGL буюу тоглолтын үеийн ахлагчийн үүргийг гүйцэтгэхээр боллоо. Түүний туршлага, том тэмцээнүүдэд хуримтлуулсан мэдрэмж нь шинэ бүрэлдэхүүний тоглолтын бүтэц, шийдвэр гаргалтад чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Шинэ ахлагч Magisk “Миний хувьд шинэ адал явдал эхэллээ. Би Александр “s1mple” Костылевт туслахыг хүсэж байна. Түүнийг дахин шилдэг тамирчин болоход нь дэмжлэг үзүүлнэ. Надтай цуг тэр чөлөөтэй, илүү сайн тоглох ёстой. Түүнийг шилдэг тамирчин гэдгийг бүгд мэднэ. Миний зорилго түүнээс чаддаг бүхнийг шахан гаргаж, дээд цэгт нь тултал хүчирхэг болгох явдал” гэж хэлсэн байна.
Одоогоор “BC.Game” багийн бүрэлдэхүүнд 4 тоглогч багтаад байна. Тэмцээний өмнө тус баг дахин нэг тоглогчоор бүрэлдэхүүнээ гүйцээх шаардлагатай байгаа юм.
Одоогийн бүрэлдэхүүн:
- Эмиль “Magisk” Рейф;
- Денис “electroNic” Шарипов;
- Александр “s1mple” Костылев;
- Азбаяр “Senzu” Мөнхболд;
- Виктор “TaZ” Войтас (дасгалжуулагч).
“BC.Game” баг долоодугаар сарын сүүлээр Финландад болох “Elisa Esports BreakOut Series 1” тэмцээнд оролцоно. Энэ нь шинэ бүрэлдэхүүний хувьд хамтдаа хийх анхны том сорил болох бөгөөд Magisk уг тэмцээнд багийг удирдан гаргах юм.
Senzu-гийн хувьд дэлхийн хэмжээний од тоглогчидтой нэг багт нэгдсэн нь түүний олон улсын карьерын дараагийн чухал алхам болж байна. Харин “BC.Game” шинэ ахлагч, шинэ тоглолтын бүтэцтэйгээр CS2-ийн өрсөлдөөнд илүү хүчтэй эргэн ирэхээр бэлтгэж байна.
Сануулахад, Senzu өмнө нь 1xBet-ийн ивээл дор манай The Mongolz багт тоглож, тэдэнтэй хамт Esports World Cup 2025-ийг ялж байсан билээ.