Улаанбаатар хотын мега төслүүдтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж байгаа билээ. Үүний хүрээнд Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шалгаж дуусан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Т.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын эрх мэдлээ зүй бусаар ашигласан, хахууль авсан болон мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан юм.
Хэрэгт холбогдогчид ба хууль бус схем
Мөрдөн шалгах ажиллагаагаар дараах албан тушаалтнууд болон аж ахуйн нэгжийн удирдлагууд бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна:
- Т.Даваадалай — Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан
- Т.Мөнхдалай — “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Метро” төслийн менежер, захирал
- А.Ербол — Мөн газрын “Тойрог авто зам” төслийн менежер, захирал
- Н.Б — Нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал
Дээрх этгээдүүд нь гадаад улсын хамтарсан түншлэлийн 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсвийн тендерийн сонгон шалгаруулалт болон ажил гүйцэтгэх явцад бусдад хууль бусаар давуу байдал олгох зорилгоор ажлын даалгаврыг өөрчилсөн байна.
5.2 тэрбум төгрөгийн хахууль ба мөнгө угаах ажиллагаа
Мөрдөн шалгах ажиллагааны дүнгээр Т.Даваадалай нь өөрийн эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуг авчээ.
“Т.Даваадалай нь 2025 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 5.2 тэрбум төгрөгийн хахууль авч, уг мөнгийг гэмт хэргийн замаар олдсон орлого гэдгийг мэдсээр байж ашиглан мөнгө угаасан гэдэг нь тогтоогджээ.”
АТГ-аас уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дуусгаж, шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлээд байна.